Алсын хараа 2050-г 20 минутанд

59

Хүйтний эрч суларч хаврын урь хаяанд ирлээ. Та сайн байна уу?

Манай улс урт хугацааны бодлогогүй, дунд хугацааны зорилтууд биелдэггүй болохоор хөгждөггүй гэж олон хүн ярьдаг. Тэгвэл өнгөрсөн сард Л.Оюун-Эрдэнэ болон түүний баг “Алсын хараа 2050, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг Г.Занданшатарт өргөн барилаа. 1500 эрдэмтэн судлаач 7 сар боловсруулсан энэ төлөвлөгөөг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Батлагдвал таны, миний, бидний дараагийн 30 жилийн үүнээс хамаарна.

3 үе шаттайгаар хэрэгжүүлэх энэ бодлого нийт 9 зорилго, 50 зорилттой. 480 хуудастай учир нэлээн завтай биш л бол барьж авахааргүй. Харамсалтай нь би өөрөө тэр “завтай” гар болохоор булан тохойгүй уншсанаа нэгтгэн хүргэж байна.

Эхний бүлэг: Өмнөтгөл. x1~x31

Ардын хувьсгалаас өнөөг хүртэлх зуу гаруй жилийн алдаа оноо, сургамжийг товчилсон нь уншууштай. Ялангуяа социалист үеийн бүтээн байгуулалтын хэсэг маш таалагдав.

Ардчилалаас хойшхи 30 жилд Монгол төр нийтдээ 168 хөгжлийн бичиг баримт боловсруулжээ. Эдгээрийн 76% нь хуулиа мөрдөөгүй, журамд нийцээгүй буюу анхнаасаа чанарын шаардлага хангаагүй байна. Төрийн залгамж халаа хэвшээгүйн улмаас засаг солигдох бүрт төсөл хөтөлбөрүүд санхүүжилтгүй болон зогсдогийг онцлов.

Өнөөг хүртэл хөгжлийн тээг болж ирсэн шалтгааныг товчилбол: Бодлогын бичиг баримтуудыг хянадаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа сул, үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Төсөл хөтөлбөрүүд дээр Сангийн яам голлох үүрэг гүйцэтгэдэг нь алсаа харсан бүтээн байгуулалт орхигдоход хүргэдэг. Эцэст нь яам хоорондын ажлын уялдаа сул учир чанаргүй төлөвлөгөө, тогтворгүй санхүүжилттэй төслүүд УИХ-д орж, тэд ч баталж орхидог байна.

Монгол улсын үнэт зүйлийг тодорхойлохыг оролдсон нь сайшаалтай боловч гүйцэтгэл тун тааруу. Ирэх 30 жил Оюун санаа, Хурд, Мөн чанарыг сууриа болговоос цэнгэлийн манлайд хүрнэ гэжээ. Эхний 2 үгийг Боловсрол, Бүтээмж гэвэл илүү оновчтой байх. 3 дахь нь бол арай арай. Бага ангийн хүүхдээс долоон дор. Мөн чанараа тодорхойл гэхээр “мөн чанар” гээд биччихдэг нь яаж байгаам?

Бусад улсын үнэт зүйлийг жишээ болговол:

  1. Америк: Эрх Чөлөө, Ардчилал, Хувийн өмч
  2. Япон: Хариуцлага, Хамтын ажиллагаа, Хөдөлмөр
  3. Швед: Эв нэгдэл, Тэгш эрх, Бүтээмж

Бидний үнэт зүйл ч бас дээрх шиг хүчтэй, тодорхой байх хэрэгтэй.

Энэ бүлгийн гол санааг ганц өгүүлбэрт багтаавал: Өнөөг хүртэл зорилтод бүлэгтээ хүрдэггүй хавтгайрсан халамжийн бодлого барьж ирсэн нь амжилт олоогүйг хүлээн зөвшөөрч, цаашид Монгол хүнийг хөгжлийн гол цөмөө болгон дундаж давхаргаа дэмжсэн бодлого барьж, 2050 онд хүн амын 80% нь энэ давхаргаас бүрддэг болгоно.

Удаах бүлэг: Монгол улсын нөхцөл байдлын шинжилгээ. x32~x84

Одоо болон ирээдүйн тоон мэдээлэл, манай улсын давуу, сул талуудыг тайлбарлажээ. 9 зорилгын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн нь оновчтой ч нэг зүйлээ олон давтсан, зарим тоо зөрсөн, найруулга үг үсгийн алдаатай байсан нь ерөнхий редактор хангалтгүй ажилласаныг илтгэв.

Улсын ирээдүйг төлөвлөх бол ядаж зөв бичмээр байна.

Давуу тал дээр нөгөө л уудам тал нутаг, идэж бардаггүй их мал, ухаж дуусашгүй газрын баялгаа бичиж. Харин сул талуудаа маш сайн тодорхойлжээ. Бидний хөгжлийн гол гацаа бол авилгал, сул засаглал, намуудын бодлогогүй байдал, шүүх болон хууль хяналтын байгууллагын хариуцлагагүй тогтолцоо, тогтворгүй засаглал (28 жилд 15 ерөнхий сайд), сонгуулийн тохиромжгүй тогтолцоо (мажоритар), эрчим хүчний хүрэлцээгүй, хараат байдал гээд бүх сэдвийг хөндөв.

Тоо баримтуудаас онцолбол: Хүн амын 28.4% нь ядуу, 100,000 хүн ажилгүй, татвар төлдөггүй 221,000 хөдөлмөр эрхлэгч, төрөөс 4 хүн тутмын нэг нь халамж авч, үүнд жил бүр ДНБ-ий 2%-г зардаг. Гэвч шинжлэх ухаан, инновацид ердөө 0.25%-г зарцуулдаг ажээ (дэлхийн дундаж 1.7%).

Товчхондоо: 30% нь ядуу, 30% нь татвар төлдөггүй, 800,000 хүн байнгийн халамжинд байж, шинжлэх ухаанд түй ч хөрөнгө оруулдаггүй.

Хүн амын 70% нь 900,000₮ хүртэлх цалин авч, сардаа 306,000₮-р амь зогоож, өрхийн өр ДНБ-ий 40%, засгийн газрынх 73%, үүн дээр хувийн хэвшлийнхийг нэмбэл нийт 220%-ын өртэй.

Улсаа 2 удаа худалдсан ч төлж барахгүй.

Нийт 175,000 өрх орон сууцанд, үүнээс 2 дахин их буюу 343,000 өрх дэд бүтэцгүй байшин болон гэрт амьдардаг.

Сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.24-р дулаарч, бэлчээрийн даац хэтэрсэн нь цөлжилтийг хурдасгав. 2050 он хүртэл дахиад 3 хэм дулаарах төлөвтэй байгаа нь ган зудны давтамжийг нэмэгдүүлнэ. Уул уурхайн салбар 27,070 га газрыг сэндийчиж, түймэрт 865,000 га ойгоо алджээ.

Улаанбаатараас гадна Баянхонгор, Даланзадгад, Дархан, Арвайхээр, Ховд, Эрдэнэт зэрэг хотууд утаатай өвөлждөг.

Үүнээс болж амьсгалын замын өвчнөөр амиа алддаг хүүхдийн тоо 33%, насанд хүрэгч 27%-р ихэсдэг.

Нийт 400,000 тээврийн хэрэгсэлтэй УБ-т хүн амын тал нь амьдардаг ч, бага дунд сургуулийн 30-хан хувь байдаг тул нэг ангид 50~60 хүүхэд сурч, 23 сургууль 3 ээлжээр хичээллэдэг. Цэцэрлэг бас хүрэлцээгүй. Дунджаар нэг танхимд 44 хүүхэд бойжиж, 10 хүүхдийн 2 нь “аз”-гүйгээсээ болж гэртээ байдаг.

Монгол улсын хүн ам 2050 онд 5.4 сая хүрнэ.

Засаглалыг сайжруулахаар “Цахим Монгол” төсөл хэрэгжүүлэх нь таалагдав. Харин сонгуулийн мөчлөг хэт ойр байна гэсэнтэй санал нийлсэнгүй. Цус ойртолт хурц хэмжээнд хүрсэн гэж онцолчоод, үндэслэл судалгаагаа дурдаагүй нь мэргэжлийн бус байв.

Удаах бүлгийн анхаарууштай хэсэг нь дундаж давхаргын тодорхойлолт байв. “Орлогын голчийн 67~200 хувьтай тэнцэх хэмжээний орлоготой, байнгын хөдөлмөр эрхэлдэг, орон сууцанд амьдардаг, жилд ядаж нэг удаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаж чаддаг, жилд ядаж нэг удаа гэр бүлээрээ өөрсдийн хүссэн улс орон руу аяллаар явах боломжтой, хадгаламж хуримтлалтай (хүүхдийнхээ ирээдүйд зориулсан эсвэл өрхийн санхүүгийн эрсдэлт байдлыг даван туулах хэмжээний), нийгмийн идэвх оролцоо сайтай хүн амыг Дундаж давхарга гэж үзнэ” гэжээ.

Энэ юу вэ? Дунд ангийн хүүхдийн зохион бичлэг үү? 1500 хүнээс бусад оронд яаж тодорхойлдгийг мэддэг хүн байсангүй юу? Эсвэл нэг нөхөр өөрийн wish list-ээ бичив үү?

Гутгаар бүлэг: Урт хугацааны хөгжлийн бодлого. x84~x439

Дууль роман шиг урт энэ бүлэгт 9 зорилгод хүрэх төсөл хөтөлбөрийг шат дараатайгаар бичсэн нь эмх цэгцтэй. Маш товчхон уншъя гэвэл баримт бичгийн 86, 87-р хуудсыг нээгээрэй. Арай жоохон дэлгэрүүлэх бол ⬇️⬇️⬇️

1. Үндэсний нэгдмэл зүйл. x88~x105

Бүх иргэнд “нэг хэл, нэг түүх, нэг соёл, нэг итгэл үнэмшлийг” төлөвшүүлж, нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно. Нүүдэлчдийн соёл урлаг, аж ахуй, үндэсний брэнд бүтээлүүдийг дэмжиж, “Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн голомт” болно гэсэн нь чихэнд чимэгтэй.

Монгол гэр бүлийг уламжлалт соёлын ахуй орчин болохынх нь хувьд төрөөс дэмжих, Чингис хааны тахилгыг сэргээх, нэр хүндээ өндөрт авч явах шаардлагыг хүн бүрт тавина гэснийг ойлгосонгүй. Дахиад халамжийн бодлого барих юм уу? Уул ус, хаадыг Гандан эсвэл бөө нар тахихад барав биш үү? Нэр хүндээ өндөрт авч явахгүй бол шийтгэх үү?

Хэрэгжилтийн үнэлгээ хэсэгт төрийн албан хаагчдын Монгол хэлний чадварыг дээшлүүлнэ гэснээ өөрсдөө баахан алдсан нь инээд хүрмээр. Үндэсний уран бүтээлийг дэлхийд таниулна гэсэн ч оюуны өмчийг хэрхэн хамгаалах талаар дурдсангүй.

2. Хүний хөгжил. x106~x155

Боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, шинжлэх ухаан, инноваци, амьдрах орчин, хөдөлмөр гэсэн нийгмийн чухал салбарууд энд хамаарна.

Боловсролын тогтолцоог хараат бус, нээлттэй болгож насан туршдаа сурч боловсрох боломжийг бүрдүүлнэ. Багш сурган хүмүүжүүлэгчийн цалинг нэмэгдүүлж орлогын шатлалын дээд 10%-д хүргэнэ. Хос хэл, цахим бичгийн боловсролд анхаарч, онлайн сургалт явуулж, багш сурагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ.

Харин боловсролын чанарыг тодорхойлох PISA шалгалтыг нутагшуулах талаар байсангүй. Үндэсний судалгааны их сургууль байгуулна гэсэн ч одоо байгаа их сургуулиудын үүргийг тодорхойлсонгүй. Сургууль цэцэрлэгийн тоог нэмж, хүртээмжтэй тэгш байдлыг ханган 1 ээлжээр хичээллэдэг болох зорилт 2050 оноос нааш биелэхгүй. Мөн дижитал эринд шаардагдах ур чадварын сургалтыг 20 жилийн дараа эхлүүлнэ. Шинжлэх ухаан, инновацид ДНБ-ий 2%-г 2050 оноос зарцуулж эхэлнэ гэсэн бодлогын ноцтой алдаанууд байв.

Нэгэнт хоцорч яваа улс одооноос боловсролдоо анхаарч, эрчтэй хөдлөхгүй бол цэнгэлийн манлайд хүрэхгүй.

Эрүүл мэндийн салбарын хувьд санхүүгийн бие даасан хараат бус байдлыг дэмжинэ. Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт 2 жил тутам хамрагддаг болгож хэвшүүлнэ. Цахим, алсын үзлэгийг нэвтрүүлнэ. Архи тамхи, эм, чихэрлэг ундааны онцгой албан татварыг эрүүл мэндийн санд төвлөрүүлнэ гэжээ. Өмнөх бүлэгт дундаж давхарга жилдээ 1 удаа эрүүл мэндийн үзлэгт орно гээгүй билүү? Архи тамхи чихэрлэг ундааг бол ойлгож байна. Харин эмнээс онцгой албан татвар авах хэрэг байна уу?

Гэр бүлийн сэтгэл зүйн үйлчилгээнд анхаарна гэсэн ч хүчирхийллийн талаар зорилт байсангүй.

Амьдрах орчны хувьд бүх өрхийг дэд бүтцэд холбож, хог хаягдлын менежментийг хэвшүүлж, хүнсний стандартыг сайжруулна гээд аятайхан явж байснаа авто зогсоол барина гэж шал далийв.

Зогсоол машинд зориулагдсан болохоос хүнд зориулагдаагүй.

Хөдөлмөрийн зах зээлийн зорилт харин дажгүй. Мөнгөний бодлогыг ажлын байр нэмэгдүүлэхэд чиглүүлж, шингээлт ихтэй аж үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байр олноор нэмэгдүүлж буй аж ахуйн нэгжийг урамшуулан алдаршуулна. Харин оюутны хөдөлмөрийн бирж үүсгэнэ гэсэн нь төрөөс хийх ажил биш санагдав.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2050 онд 80% хүрнэ (одоо 56.3%).

3. Амьдралын чанар ба дундаж давхарга. x156~x189

Гол санаа нь өнөөдрийг хүртэл үгүйлэгдэж ирсэн дундаж давхаргыг дэмжих бодлогыг эхлүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгах. Нийгмийн даатгал, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон зорилт дэвшүүлсэн ч ихэнхт нь муу дүн тавьмаар.

Ялангуяа байнга алдагдалтай ажилладаг (жил бүр 700 тэрбум), дарга нарын идэж уудаг нийгмийн даатгалын сангийн зорилтыг уншаад бухимдахгүй байж чадсангүй. Сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг 2030 оноос эхлэн тодорхойлж, хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг 2040 оноос эхлүүлнэ. Юу гэсэн үг вэ? Өнөө маргаашгүй эхлүүлэх ёстой шинэчлэлийг 10 жилийн дараа бодож эхлэе ч гэх шиг.

Энэ төлөвлөгөөгөөр бол сэтгэл тэнэгэр тэтгэвэрт гарахыг мөрөөдөлтгүй бололтой.

Орон сууцны хуримтлалын сан байгуулж цалингийн 30%-г тушаавал байртай болно. Санаа нь сайхан ч 2050 онд өрхийн 50% нь дэд бүтцэд холбогдсон орон сууцанд амьдарна гэж заажээ. Орон сууцтай дундаж давхарга хүн амын 80%-г бүрдүүлнэ гэснээ үгүйсгэж байгаа хэрэг үү?

Бичил болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, орон даяар бэлтгэн нийлүүлэх сүлжээ, борлуулалтын цогцолбор байгуулж “нэг суурин нэг бүтээгдэхүүн” бодлогоор экспортыг дэмжинэ гэсэн ч ЖДҮ сангийн тогтолцоог залруулах талаар нэг үсэг ч байсангүй. Дахиад идэж уувал яах вэ?

“Зөгийн үүр 2” төслийг хэрэгжүүлнэ. Эхний төслийн үр дүнгийн тайлан хаана байна? Алдаа оноо, сургамж юу байв? Гадаадад ажиллаж амьдардаг иргэд эх орондоо хувь нэмрээ оруулъя гэсэн арвин хүсэлтэй байхад “хүрээд ир хөгшөөн” гээд зүгээр гараа даллаж болохгүй.

4 жил тутам бүх нийтийн спортын наадам зохион байгуулах нь сэтгэлд нийцэв. Харин дундаж давхаргад ээлтэй банк байгуулж, хөдөөний хүн амыг 50% болгоно гэснийг давтаж уншаад ч ойлгосонгүй. Төр бизнес хийж, иргэдээ хаана амьдрахыг заах юм байх.

Аймаг дүүрэг бүрт ахмад настанд урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвүүдийг байгуулна. Яг юу хийх байгууллага болохыг тайлбарлаагүй ч орон нутагт 21-г барьчаад хүн амын тал нь амьдардаг УБ-т зургаахныг барих бололтой. Хүртээмж хаана байна?

3-р зорилго энэ баримт бичгийн амин сүнс нь байх ёстой атал гүйцэтгэл маш муу.

4. Эдийн засаг. x190~x245

Ирэх 30 жилийн эдийн засгийн төлөв байдлыг Суурь, Ногоон эдийн засаг, Том ордуудыг ашиглах гэсэн 3 хувилбараар тооцоолж ямар үр дүн гарахыг үнэлсэн байна. Эхнийхээс бусад тохиолдолд төгрөгийн ханш чангарах буюу доллар унахаар байв.

Төсвийн алдагдлыг багасгаж ЗГ-ын өрийг ДНБ-ий 40%-д барина (2 дахин буулгана). Үндэсний брэндийг хөгжүүлж 2030 он гэхэд шинээр 110,000 ажлын байр бий болгоно. Мөнгө угаахтай тэмцэнэ (саарал жагсаалт бололтой). Даан ч ямар арга хэмжээ авахаа дурдсангүй.

2050 онд Инфляц 2%, Ядуурлын түвшин 5%, Нэг хүнд ноогдох ДНБ 15,000$ болно.

Голлох салбаруудаар Боловсруулах аж үйлдвэр, Уул уурхайн аж үйлдвэр, Эрчим хүч, Тээвэр, Аялал жуулчлал, Оюуны бүтээл инновацийг нэрлэжээ. Өнөөдөр нийт хөдөлмөр эрхлэгчдийн 30% нь мал аж ахуйн салбарт ажилладаг ч бүтээмж муугаас орлого бага байдаг. Иймд дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг бодлогоор дэмжин мах, ноос ноолуур, арьс шир, органик хүнсний экспортыг нэмэгдүүнэ.

Эрчим хүчний салбарт маш их хөрөнгө оруулж гаднаас хараат байдлыг эцэслэнэ (цахилгаан 20%, түлш бараг 100% Оросоос хараат). Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барина (манайд хангалттай). Таван толгойд 450МВт, Шивээ овоод 5280МВт хүчин чадал бүхий цахилгаан станц барина. Дорнодын цөмийн ЦС харин юу л бол…

16 их наядаар 6600км төмөр зам барина.

Тээврийн салбарын бодлого бараг бүхэлдээ үлгэр. Одоо байгаа 1933км төмөр замын сүлжээг сайжруулж, шинээр 6600км-ыг барина гэнэ. Байгаагаа сайжруулах нь зөв ч, 16 их наядаар шинэ сүлжээ барих бол хэтэрхий үрэлгэн санаа.

Уул уурхайн орлогоор Үндэсний баялгийн сан байгуулж сангийн хөрөнгийг том хэмжээний дэд бүтэц барьж байгуулахад зарцуулна. Дээрх цахилгаан станц, төмөр замыг хэлж байгаа бололтой. Их хөрөнгөөр аварга төсөл хэрэгжүүлэх нь эрсдэл дагуулж, өгөөж муу байдгийг олон орны түүх харуулсан. Финланд, Швед, Норвеги шиг хүндээ хөрөнгө оруулах хэрэгтэй (боловсрол, эрүүл мэнд, инноваци гэх мэт).

Зохицуулалтын хувьд цахилгааны үнэ тарифыг чөлөөлөх, ASEAN-ы хэлэлцээрт нэгдэх зэрэг нь зөв санаа байв. Харин “бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэж, худалдааг хөнгөвчлөх” гэснээс ШХАБ үнэртээд болсонгүй.

Оюуны бүтээл, шинжлэх ухаан, инновацын салбар 2040 оноос олон улсад өрсөлдөнө гэсэн зорилт тавьж. Ямар их амар амгалан бэ?

5. Сайн засаглал. x246~x277

Ил тод, хариуцлагатай, хяналттай, оролцоог хангасан тогтолцоог бүрдүүлнэ. Төрийн албан хаагчдын мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байдлыг хангаж, дундаж давхаргад бүрэн багтаана. Төрийн албыг цомхон, үр ашигтай бүтэцтэй болгоно гэж баярлуулснаа “хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам байгуулж, УИХ-д байнгын хороог, аймаг нийслэл, сум дүүрэг бүрт нэгж байгуулна” гэж гомдоов.

Татан буулгах яамаа нэрлэлгүйгээр шинийг байгуулахаар төр улам л данхайна.

УИХ-аас баталж буй бодлогын 70-с доошгүй хувийг судалгаанд суурилдаг болгох, УИХ гишүүн, Иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгана гэхийг уншаад хараал урсгах шахав.

Бүх бодлого судалгаанд суурилах ёстой. Дөрвөөс олон жил гишүүн суух нь ард түмэнд биш улс төрчдөд л ашигтай.

Сонгуулийн холимог системийг хэвшүүлж, УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг болгоно. Сонгуулийн ерөнхий хорооны бие даасан хараат бус байдлыг бүрдүүлнэ гэсэн нь тун сайн. Харин сонгогчид гишүүндээ хариуцлага тооцох тогтолцоотой болно гэсэн ч яаж гэдгээ дурдсангүй.

Хамгийн шог нь “засаглал дахь иргэдийн тэгш оролцоог хангана” гэсэн ч сонгуулийн тойргийн талаар ганц үг ган хийсэнгүй.

Хүн амын тал нь амьдардаг УБ-с 24, орон нутгаас 52 гишүүн сонгогддог одоогийн энэ тэгш бус тогтолцоог хэзээ засах вэ?

Улс төрийн намуудын дотоод ардчилалыг сайжруулж, хатуу гишүүнчлэлгүй болгож, тодорхой шалгуураар улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн нь давгүй шүү.

Шүүхийн хараат бус байдлыг хангаж, иргэн төвтэй шүүх тогтолцоог бүрдүүлнэ. Ерөнхийлөгч улсын дээд шүүхийн бүрэлдэхүүний 1/3-с илүүг өөрчлөх эрхгүй болно гэсэн ч, шүүгчийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өөрчилдөг хуулийн талаар сөхсөнгүй.

Ойрын ирээдүйд шударга шүүхийн барааг харахгүй шинжтэй.

Орон нутгийн санхүүг бие даасан болгох, төрийн өмчит компаниудыг хувьчлах, тусгай сангуудын үйл ажиллагааг нэгтгэн олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд шилжүүлнэ. Гэвч зээлийн түүхийг ил болгох талаар дурдсангүй. Бид ЖДҮ-г оруулаад нийт 29 тусгай сантай.

Өнөөдрийг хүртэл хэн хэдэн ₮-ийн зээл авсныг ил болгох ёстой.

2030 оноос бүх нийтээрээ авилгатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэсэн нь “ирэх 10 жилдээ живсэн хэвээрээ байна аа” гэх шиг.

Иргэний нийгэм-Хувийн хэвшил-Төрийн түншлэлийг сайжруулж, зарим төрийн үйл ажиллагааг ТББ-д шилжүүлнэ гэсэн нь сайшаалтай. Мөн “төрийн бүх салбарт цахим технологид тургуурласан үйлчилгээ нэвтрүүлж, иргэдэд нээлттэй нэгдмэл сан бүхий ил тод газрын бирж бий болгоно” гэснээ араас нь “газрын үнийг төрөөс тогтооно” гэчихээр бирж байгуулах утгагүй болчиж байгаам.

Ерөнхий сайд танхимаа бие даан бүрдүүлэх ч, улсын хөгжилд ямар ч үүрэггүй хоолны сав болсон дэд сайдын орон тоо хэвээр үлдэх нь.

Сайн засаглалын зарим шийдэл оновчтой боловч сонгуулийн тойрог, тусгай сангуудын зээлийн түүх, зах зээлд суурилсан газрын үнэлгээ зэрэг яаралтай шийдвэл зохих гол асуудлуудаа орхигдуулсан байна.

6. Ногоон хөгжил. x278~x309

Энэ сэдвийг тусдаа зорилго болгосон нь маш сайн. Ногоон хөгжил бол дэлхий нийтийн жишиг болоод байгаа билээ.

Зорилгын хүрээнд “нийт газар нутгийн 35%, гол мөрний 75%, ойн 60%-г улсын тусгай хамгаалалтад авч, ховордсон ан амьтан, ургамлыг өсгөн үржүүлэх үндэсний парк болон байгаль орчны шинжилгээний төв лаборатори байгуулж биологийн олон янз байдлыг хамгаална. Ойн хэмжээг 9%-д хүргэж, усны ай сав газрын хамгаалалтын тоог 3 дахин нэмэгдүүлж (150→450), хамгаалалтын менежментийн үр ашгийг сайжруулна” гэжээ.

Газар ашиглалтын төлбөрийг нэмж, усны хэрэглээг бүрэн тоолууржуулж, үнэ тарифыг өсгөнө. Саарал усны хэрэглээ, үйлдвэрийн зориулалттай усны дахин ашиглалтыг 80%-д хүргэнэ. Том гол мөрнүүдэд урсац тохируулах сан барих “Хөх морь” төслийг эхлүүлнэ. Үүнд 11.4 их наядыг зарцуулна.

Хогны менежментийг нэвтрүүлж, хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах 3R хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хортой, аюултай хог хаягдлыг хянадаг тогтолцоог бүрдүүлнэ.

Салбаруудын хүлэмжийн хийн хэмжээг тооцох аргачлалтай болж ялгаруулах хэмжээгээр татвар авч уур амьсгалын ногоон санг санхүүжүүлнэ. Ингэхдээ байгальд ээлтэй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлнө. Эко аялал жуулчлалд анхаарч, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог хөхүүлэн дэмжинэ.

Өнгөрсөн жил батлагдсан Азийн хөгжлийн банкны 145 сая $ (зээл 95$, тусламж 50$)-р сэргээгдэх эрчим хүч бүхий ногоон барилгын төслийг санхүүжүүлж, гэр хорооллын орчинг сайжруулна гэсэн зорилтууд байв.

Шагшиж магтмаар шинэлэг, зоримог шийдэл байсангүй. Том алдаа гаргасан нь “тогтвортой бизнесийн зарчмыг банкнаас бусад салбарт нэвтрүүлнэ” гэсэн өгүүлбэр байв.

Эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь зорилгоосоо зөрөөд явж болохгүй.

НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030″-ийн санд жил бүр 100 тэрбум $ давсан санхүүжилт төвлөрдөг. Үүнийг татах талаар бодлого байгаагүй нь гайхмаар. Засгийн газар (яам) ул суурьтай, чанартай судалгаа хийж байгальд ээлтэй төсөл санаачилж байж энэ их хөрөнгөөс хүртэнэ. Бидэнд боловсон хүчин, гадны зөвлөх компанитай хамтрах яаралтай хэрэгцээ байна.

7. Амар тайван, аюулгүй нийгэм. x310~x339

Хууль хүчний байгууллагын зорилтоос хамгийн сэтгэлд нийцсэн нь “салбарын албан хаагчдын цалин хөлсний нэмэгдлийг тухайн жилийн инфляцын өсөлттэй уядуулж, өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэнэ” гэсэн өгүүлбэр байв. Цагдаа, прокурор нарт дуслын чинээ цалин өгснөө “шударга ёсыг тогтоо” гэж болохгүй. Ар гэртээ санаа зоволгүйгээр ажилдаа анхаарах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.

Багш эмч нарын цалинг ч бас үнийн өсөлттэй уях хэрэгтэй.

Батлан хамгаалахын салбарт “инновацын тогтолцоог бүрдүүлэх, олон улсад өрсөлдөхүйц мэдээлэл харилцааны систем, техник хэрэгсэл, програм хангамж үйлдвэрлэх, сансар судлалын төв байгуулах, мэргэжилтэн бэлтгэх, үндэсний хиймэл дагуулын сүлжээтэй болох” зэрэг зоримог санаа олон байв.

Төсвийн тухай хуульд батлан хамгаалахын төсвийг тогтвортой өсгөхөд чиглэсэн зүйл заалт оруулж, жил бүр ДНБ-ий 2%-р тогтооно гэсэн нь 2-р зорилгын шинжлэх ухаан инновацийн хөрөнгө оруулалттай адил дүн байв. Бодлогын хувьд хэр зөв бэ?

“Хааны эрэлд” олон улсын сургуулилтыг тогтмол зохионо.

Цагдаа сэргийлэхийн салбарт “хорих ял эдлүүлэх орчинг сургалт хүмүүжлийн тусгай байгууллага болгох, мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарт эрүүл мэнд, сэтгэл зүйн засал, нийгмийн үйлчилгээ үзүүлэх урьдчилан сэргийлэх төв байгуулна” гэсэн нь онц сайн. Гэвч “нийслэл, орон нутгийн цагдаагийн байгууллага бүрт эрүүлжүүлэх байр барина” гэсэн нь уламжлалт болхи шийдлээсээ салахгүйг илтгэв.

Эрүүлжүүлэх байраар архидалттай тэмцдэггүй.

Хүсэн хүлээж байсан зүйл ашгүй гарч ирэв. Оюуны өмчийн газрын байр, сургалтын төв, хөгжлийн төвийн цогцолбор барьж, олон улсад нийцсэн үйлчилгээг хөгжүүлж, хяналтын системийг боловсронгуй болгоно. Алга ташилт! Энийг бичсэн хүн чи шүү!

Аливаа улс орон оюуны өмчийг бусад өмчийн адилаар хамгаалж байж хөгждөг. Энэ зорилтыг бусад зорилготой нягт уялдуудах хэрэгтэй.

Байнга очер дараалал үүсч хэл ам татлуулж байдаг иргэний үнэмлэх, гадаад паспортын бичилтийн үйлдвэрийг өргөтгөж, дотооддоо бэлдэц хийх үйлдвэр байгуулна гэжээ. Тэгмээрсэндээ.

Даан ч жолооны үнэмлэхийг дурдсангүй. 2050 оноос бодох юм байлгүй.

Боловсролын бүх шатанд цэрэг-эх оронч хүмүүжил олгох, иргэдэд эрх зүйн албан бус боловсрол олгох, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж үндэсний хэмжээний менежментийг хөгжүүлнэ. Эх оронч хүмүүжлийг бол ойлгож байна. Харин цэргийн хүмүүжлийг боловсролын шатанд олгох зохисгүй.

Гэмт хэрэг илрүүлэлтийн түвшинг 52%-д хүргэнэ (одоо 40%). 30 жилд арай л жижиг амбиц уу?

Зэвсэгт хүчин хэсэгт “олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүн экспортлогч орон болно” гэснийг уншаад мэл гайхав. Зэвсэг үйлдвэрлэлээр хоёр хөрш маань дэлхийд 2, 7-д жагсдаг. Нэгэнт гүйцэхээсээ өнгөрсөн салбарт их хөрөнгө хаях хэрэг байна уу? Харин өргөн уудам газар нутгийг хянах дрон, хүйтэнд тэсвэртэй батерей гэх мэт олгогдсон нөхцөлөө давуу тал болгон ашигласан шинэ технологи хөгжүүлж экспортлох хэрэгтэй болов уу.

8. Бүсчилсэн хөгжил. x340~x395

Манай улс 2001 онд баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-с хойш олигтой бодлого боловсруулалгүй ирсэн. Үүнд газар нутгийг Баруун, Хангай, Төв, Зүүн гэсэн Босоо дөрөв+Улаанбаатар хуваалттай байсныг Хэвтээ тав+Улаанбаатар болгон өөрчилжээ. Мөн дуудахад амар байсан нэрсийг сунжирсан урт болгосноос өөр дорвитой өөрчлөлт байсангүй.

  1. Дорнод Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Хэнтий, Дорнод, Сүхбаатар) Бүсийн төв: Чойбалсан
  2. Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтлогийн аялал жуулчлалын бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь) Бүсийн төв: Даланзадгад
  3. Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай) Бүсийн төв: Баянхонгор
  4. Өрнөд Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүс (Ховд, Баян-Өлгий, Увс) Бүсийн төв: Ховд
  5. Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан) Бүсийн төв: Улиастай → Шинэ нийслэл
  6. Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүс (Төв, Улаанбаатар) Бүсийн төв: УБ

Хэлбэрдэж ядсан нэрлэгээг унших гэж насыг барав. Бүс болгоны нэрэнд ногоон хөгжил, аялал жуулчлал гэх хэрэг байв уу? Ерөнхийд нь “аялал жуулчлал, ногоон хөгжлийг орон даяар хөгжүүлнэ” гэхэд хангалттай.

Яагаад хэвтээ хуваалтыг сонгосон, бүсийн төвийг ямар шалгуураар сонгосноо тайлбарлаагүй нь маш хариуцлагагүй. Бэлчээрийн мал аж ахуй голлосон манай орны нөхцөлд засаг захиргааны нэгжийг босоогоор хуваах нь ган зуд тохиосон жилүүдэд урагш ⇄ хойш нүүдлийг хөнгөвчилж өгдөг. Тийм ч учраас өвөг дээдэс маань засаг захиргааны босоо хуваалтыг сонгосоор ирсэн.

Он удаан жилийн туршлага, байгалийн шалгуураар бий болсон уламжлалыг бүс нутаг төлөвлөлтөд заавал тусгах ёстой.

Олон улсын жишгээр бүс нутгийн төвийг сонгохдоо хүн ам, түүний өсөлт, байршил, дэд бүтэц, зам тээврийн сүлжээг харан сонгодог. Даланзадгад, Улиастай нь бүсийн төв болоход хэтэрхий жижигдэнэ.

Бүс бүрт хэрэгжих нийтлэг төслүүдээс дурдвал МСҮТ, их дээд сургууль, байгалийн нөөц болон орчны нөхцөлд түшиглэсэн судалгаа шинжилгээ инновацын цогцолбор, түүх соёл, археологи, биологийн музей, хүнд хөнгөн аж үйлдвэрийн парк байгуулах гэх мэт… Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хонгилын систем төлөвлөлт хийнэ гэсэн нь бүгд copy+paste байв. Ийм олон салангид төлөвлөгөө тус биш ус болно.

Алсын зорилгыг товчилбол: Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан (+жимс жимсгэнэ), давс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Хариуцлагатай уул уурхайтай болж түүхий эд боловсруулах хүнд, хөнгөн үйлдвэрүүд барина. Эдгээрийг байгаль орчинд ээлтэй байхаар шийдэж, тээвэр логистикийн бичил төвүүдтэй үндэсний сүлжээг цогцлоож, экспортыг үлэмж нэмэгдүүлнэ.

Гол санаа: төрсөн нутагтаа ажил төрөлтэй, тогтвортой амьдрах бололцоог бүрдүүлнэ.

УБ-ын төвлөрөлийг задлахын тулд Орхон Тамирын бэлчирт нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулж 330км урт хурдны төмөр замаар холбоно. Шинэ нисэх, Майдар сити зэрэг 15 дагуул хот хөгжүүлнэ. Налайхад үндэсний технологийн парк, Багануурт их сургуулиудын хотхон, дулааны ЦС барина.

Хэт фантаз төслүүдээс дурдвал говийн бүсрүү ус дамжуулах хоолой татах (тооцоо байхгүй), орон даяар 9ш олон улсын нисэх онгоцны буудал барих.

600,000 хүн тутамд ОУ-ын нисэх буудал гэдэг дэлхийд байхгүй тоо.

Энэ жилээс хэрэгжүүлж эхлэх төслүүдэд органик хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалтай холбосон сувилал, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зэрэг байсан нь нүдээ олж. Харин нано, био технологи, инноваци хөгжүүлэлтийг 2040 оноос эхлэхээр тусгасан нь бас л оройтохоор.

2050 оны байдлаар. Хөрөнгө оруулалтын хүснэгтийг ашиглав.

Хүснэгтэд бүсийн зорилтот хүн ам, малын тоо толгой, шинээр барих авто болон төмөр замын уртыг тооцов. Та санаж байвал 2-р бүлгийн хэтийн тооцооллоор нийт хүн ам 5.4 саяд хүрэхээр байсан. Харин энүүгээр бол 500,000 хүн дутаж байна. Хагас сая хүнээ гадаадад гаргана гэсэн үг үү?

Улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1.9% байдаг. Гэтэл 1.21% байхаар тооцсон нь бодит байдлаас хамаагүй доогуур байна. 6-р бүс буюу УБ-ын хэт төвлөрөлийг бууруулна гэсэн ч өсөлт 2.9% байгаа цагт хэзээ ч биелэхгүй. Багаар тооцоод бусад 5 бүсийн дунджаас доогуур байж төвлөрөл саарна.

Өмнөх зорилгуудад эрчимжсэн мал аж ахуйгаар бүтээмжийг сайжруулж, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байж цөлжилтийг бууруулна гэсэн. Гэтэл нийт малын тоог 2 дахин ихсэхээр тооцсон нь хол зөрж байна. Зорилго хоорондын уялдаа алга.

Шинээр барих авто, төмөр замын нийт уртад анхаарлаа хандуулна уу. 1км замыг дунджаар 1 тэрбум, төмөр замыг багадаа 3.5 тэрбумаар барьдаг. Тэгэхээр 33 орчим их наядаар дээрх замуудыг барих нь.

Герман улсын газрын зургийг, төмөр замын бодлогын зураг дээр давхарлав.

Улбар шар, цэнхэр, хөх замууд нь шинээр барих төмөр замын сүлжээ. Үүнээс 2 дахин урт авто замын сүлжээ барина. Герман манайхаас 4 дахин жижиг ч, 320 дахин баян. Гэтэл бид тэднээс том сүлжээ барина гээд сууж байдаг…

Энэ их хөрөнгийг замд бус боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, цаашлаад инновацид оруулж байж орлогын зөрүү багасч үнэмлэхүй дундаж давхаргатай болох боломж бүрдэнэ.

Бидэнд ХҮН-дээ чиглэсэн бодлого хэрэгтэй байна.

Хамгийн хачирхалтай нь 5-р бүст шинэ нийслэл барина гэчээд хүн амын өсөлт нь 0.5% буюу хамгийн бага байхаар тооцоолжээ. Эзэнгүй хот барина гэсэн үг үү? 8-р зорилго тэр чигээрээ онигоо болж гэвэл Оюун-Эрдэнэ гомдчино байх даа. Үнэн юм чинь яадын тэ.

9. Улаанбаатар ба дагуул хот. x396~x439

УБ хотыг тусгайлан бүлэг болгосон нь маш зөв. 1.5 сая хүн ажиллаж амьдарч, ДНБ-ий 66%-ийг үйлдвэрлэдэг байтал 30 жилийн турш дуслын чинээ төсөв тавьж ирсэн. Үр дүнд нь утаа, түгжрэл үүсч, сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, сурагчид ширээндээ гуравлаж, эмнэлэгийн шалан дээр хатгаатай хүүхдүүд унтдаг байдалд хүрсэн.

Enough is enough!

Тэгвэл хотын үндсэн зорилгыг “Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ” гэж тодорхойлжээ.

Эхний ээлжинд газрын төлбөрийг эрс нэмэгдүүлж, нүхэн жорлонгоос орчин бохирдуулсны төлбөр авч, гүний усны ашиглалтыг хязгаарлан, үл хөдлөхийн татварын хувь хэмжээг тогтоосноор нийслэлийг бие даасан төсөвтэй болгоно гэжээ. Онц сайн! Даан ч газрын үнийг засгаас тогтооно гээд гажчих юм. Бас орлого багатай гэр хорооллын бүсээс өндөр татвар авах хэцүүг тооцсон болов уу?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ анхаарна, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, шинэ стадион, үндэсний их театр, дүүрэг бүрт соёлын төв болон нэгдсэн эмнэлэг барина. Түгжрэлийг ухаалаг нийтийн тээврээр шийднэ. Явган хүн, унадаг дугуйн зам барина. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлнэ. Хотын шинэ төвийг Яармагт, дэд төвүүдийг Сонсголон, Баянхошуу, Сэлбэ, Амгаланд хөгжүүлнэ.

Оршуулгын газар, хогын цэгүүдийг хааж таримал ойгоор нөхөн сэргээж үерийн эрсдлийг бууруулна. Хог хаягдлыг дахин ашиглах үйлдвэр барьж орчны бохирдлыг бууруулна. Өрхийн үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх тогтолцоо бүрдүүлж сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжинэ гээд олон сайхан шийдэл санааг өнгө алагласан чимэг зурагтайгаар ярайтал нь бичжээ.

Арын хуудасны хөрөнгө оруулалтын хүснэгт дээрхүүдийг зүгээр л үлгэр болохыг хэлж өгөв.

Агаарын дүүжин тээвэр, автобус парк шинэчлэлд тус тус 750 тэрбум, төрийн орон сууцны корпорацид 1.6 их наяд, дагуул хотын талбайн бэлтгэл ажилд 554 тэрбумыг төсөвлөснөөс өөр бодитой төлөвлөгөө байсангүй. Үр хүүхдүүд маань хосоороо ширээнд сууж, хүртээмжтэй эмнэлэгийн үйлчилгээ авч, номын санд хичээлээ хийх өдөр 30 жилдээ ирэхгүй нь.

Ганц гэрэл гэгээтэй нь “хотын түүх, соёлын үл хөдлөх өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ” гэсэн зорилт байв. Гэхдээ сонор сэрэмжтэй байхгүй бол яаж ч мэдэх дарга нар даа.

УБ хотын 2030 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Compact city буюу “цомхон хот” болно гэсэн чиглэл байдаг. Гэвч энд Metropolitan болгон хөгжүүлнэ гээд эсрэг зүгрүү гуядаж давхисан байна. Төрийн байгууллага хоорондын уялдаа хаана байна Оюун-Эрдэнэ ээ?

Дөтгөөр бүлэг: Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд. x440~x475

Энд 9 зорилго 50 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг нэгтгэсэн нь эмх цэгцтэй болж. Доорх дугуй графикт зорилго бүрийн нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувийг үзүүлэв. Эндээс харахад хүн амын 80%-ыг дундаж давхаргад оруулах нь үлгэр бололтой (дөнгөж 1%-ийн хөрөнгө оруулалт). Мөн нийслэлд 5% гэдэг дэндүү бага тоо. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, утаа, түгжрээ, гэр хорооллын асуудал шийдэгдэхгүй. Сайн засаглалд бараг юу ч тавьсангүй. Цахим, ухаалаг систем нэвтрүүлнэ гэж худлаа бурсан бололтой.

Нийт 145 их наяд төгрөгийг зарцуулна.

Техник эдийн засгийн үндэслэлгүй (ТЭЗҮ), судалгаагүй, мэдээлэлгүй төслүүд нэлээн харагдав. Зардлаа яаж тооцсон юм бол доо…

Хүснэгтэд 1 их наядаас дээш төсөвтэй бүх төслийг жагсаав. Зарим нь бол үнэхээр утгагүй харагдаж байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх хэрэгцээ байгаа. Харин 7.5 дахин гэдэг бол кино. Хэдийгээр урд хөршид зарна гэж байгаа ч дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчинд шилжиж байгаа энэ цаг үед нүүрснээс гаргасан манай цахилгааныг авах магадлал тун бага. Үүнд 28 их наядыг хийвэл цөм шатна.

Хоёрт. Шинэ хот, хотхон байгуулна гэж ярих нь манай ерөнхийлөгчдийн хобби болсон бололтой. Их сургуулиудын хотхоныг 10 гаруй жил ярьж байсан одоо Майдар, энэ хүснэгтэд Шинжлэх ухааны парк гээд бүр 3 болоод ороод ирлээ. УБ-т багтаж шингэхгүй байгаа нь хот төлөвлөлт муугийнх болохоос газар багадсаных биш.

Энгийн жишээ: Сингапур улс 722км2 газар нутагтай. Манай Налайх гэсэн үг. Гэтэл тэнд 6 сая гаруй хүн аз жаргалтай амьдарч, жуулчид хошуурцгааж байна. Бидэнд шинэ хот биш, зөв төлөвлөлт хэрэгтэй. Тэгээд ч улсуудын урдаа байдаг их сургууль хотын төвдөө байдаг болохоос хаа байсан 100 гаруй км-ын цаана байдаггүй.

Гуравт. Зам, төмөр замын төслүүдийн тоо БАС утгагүй. Бид сүүлийн 20 жил “Мянганы зам” барилаа. Амьдрал дээрдэв үү? “Зам дагаж хөгжил” гэдэг бол хүн ам ихтэй, автомашин үйлдвэрлэдэг орнуудын бодлого. Нэг машинд ойролцоогоор 2000–3000ш сэлбэг ордог. Сэлбэг бүрийн ард түүхий эдийн олборлолт, түүний боловсруулалт, сэлбэг үйлдвэрлэл, машин угсралт гээд олон шат дамжлагатай тоймгүй олон үйлдвэр байдаг учраас ажлын байрыг үлэмжээр нэмэгдүүлдэг. Энэ салбарын голлох дэд бүтэц нь авто зам. Зам бариад л байвал эдийн засаг хөгжөөд л байна. Хүн ам цөөтэй, боловсруулах үйлдвэргүй манай улсад огт тохирохгүй.

Уул уурхайн хувьд Оюу Толгой шиг хэмжээтэй 2, 3 орд эхлүүлэх хэрэгтэй (ураны ордыг хэлж мэдэхгүй юм). Харин жижиг дунд, бичил ордууд шал дэмий. Байгалиа сүйтгээд аманд ч үгүй, хамарт ч үгүй болно (ялангуяа нинжа нар).

Дөрвөн мөчөө өргөөд дэмжих төслүүд бол: Газрын тос боловсруулах үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн цогцолбор, Эгийн голын усан цахилгаан станц, Таван толгой ЦС-ууд. Энэ 4 ашиглалтад орвол импорт багасч, төгрөг тогтворжиж, банкны зээлийн хүү буурч, бусад салбаруудын хөгжлийн үүд нээгдэнэ. Цэнгэлийн манлайд хүрнэ.

Өргөн нарийн, Женко MCS гээд бөөн хэрүүл болсон Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барих бололтой. Хувийн компани 500 тэрбумаар барьж, 30 жилийн дараа төрд хандивлана гэсэн замыг төр хийх болсон чинь 1 их наяд болчихов. Бас болоогүй зэрэгцүүлээд хүнд даацын авто зам ижил дүнгээр барина гэнэ. Идэж ууж найрлах гэж байгаа нь харваас илт.

Тав дугаар бүлэг: Учирч болох эрсдэлүүд. x476~x480

Сүүлийн хуудсуудад 16 төрлийн эрсдэл, тулгарсан тохиолдолд авах арга хэмжээг бичжээ. Ядуурал, тэгш бус байдал, ажилгүйдлийн түвшин буурахгүй байх нь том эрсдэл гэв. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс харахад буурах шинж алга. Хүндээ чиглээгүй бодлого яаж дундаж давхаргыг бий болгох билээ.

“Чадавхаас давсан хөрөнгө оруулалтыг хийж үйлдвэрлэлийг өргөтгөх аюул, дэлхийн зах зээл дэх түүхийн эдийн үнийн хэлбэлзэл”-ийг дурдаад “үйлдвэрлэл экспортоо түр зогсоож давна” гэв. Энэ онигоо юу? Хэтэрхий том төслүүд, уул уурхайд ийм их хөрөнгө оруулчаад дээрээс нь үйлдвэрлэлээ зогсоохоор Монгол улс модоо барина биз дээ?

Хөдөлмөрийн нөөц дутах эрсдэл дээр “гаднаас ажиллах хүч авахдаа нэн тэргүүнд Монгол туургатанг авах нарийн журам гарган дагаж мөрдөнө” гэв. Тоймгүй урт зам, ахадсан эрчим хүч, төмөр замын төслүүдэд бус боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулвал ийм эрсдэл тулгарахгүй. Дээр нь таатай амьдрах орчин, бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлвэл гадаадад буй 180,000 иргэд маань эх орноо зориод ирнэ.

Монгол улсын анхны урт хугацааны бодлого гэсэндээ нүсэр ажил болгож хийсэн нь уншихад шууд мэдрэгдэв. Төр хувийн хэвшлийн түншлэл, иргэний оролцоо, нээлттэй мэдээллийн сан, инновац, үүлэн систем, хиймэл оюун ухаан гэх эдгээр үгс олон давтагдсан нь сайн хэрэг боловч хангалттай төсөв тавиагүй байна.

Өнгө загвар дажгүй болсон ч, агуулгын хувьд түүхий. Зохиогч хоорондын хэлэлцүүлэг дутсан бололтой задарсан санааг базаж чадалгүй хэтэрхий урт болгожээ. Улс төрийн оноо авах зорилгоор яаруу сандруу хийсний балаг. 7 сар угаасаа давчуу хугацаа ч энэ чигээр нь УИХ-д оруулж батлавал ирэх 30 жил бүрхэг харагдаж байна.

Дахиад хэд хэдэн удаа хэлэлцүүлэг өрнүүлж, cost benefit analysis хийж, товч тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” нь 17 зорилго 169 зорилттой ч бүрэн эхээрээ 70 хүрэхгүй хуудастай.

2050 он миний хувьд “Тэтгэвэрт гараад юу хийдийм билээ” гээд сууж байх нас. Ирэх гучин жил уул уурхай, зам зэрэг амьгүй зүйлд бус иргэндээ чиглэсэн бодлого барихыг туйлын хүснэ.

Баримт бичгийг боловсруулсан баг хамт олон, энэ хүртэл уншсан танд баярлалаа. Сэтгэгдлээ үлдээгээрэй 🙂