82

Сангийн сайдын тушаал

 

2019 оны 12 сарын 09 өдөр                     Дугаар 255                           Улаанбаатар хот

 

Журам батлах тухай

 

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

  1. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2013 оны 7 болон 84 дүгээр тушаал, 2014 оны 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 5.2.2, 5.2.6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

  1. Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг захиалагч, Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тендерт оролцогчийн гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдэд тус тус даалгасугай.

  1. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

 

                                                            Ч.ХҮРЭЛБААТАР

 

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний

өдрийн 255 дугаар тушаалын хавсралт

 

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ

СИСТЕМЭЭР ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ

ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

 

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  • Энэ журмын /цаашид “журам” гэх/ зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (цаашид “цахим систем” гэх)-ээр дамжуулан цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, тендер шалгаруулалтын урилга, үр дүн, тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдол шийдвэрлэлтийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

  • Цахим систем нь www.tender.gov.mn хаягтай байх ба Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “мэргэжлийн байгууллага” гэх/ цахим системийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллана.

  • Цахим системийн бүрэлдэхүүн хэсэг болох цахим дэлгүүрийн ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.

  • Захиалагч, тендерт оролцогч болон холбогдох бусад этгээд цахим системийг хэрэглэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан журам, аргачлал, зааварчилгааг дагаж мөрдөнө.

Хоёр. Захиалагч болон тендерт оролцогчийг
цахим системд бүртгэх, нэвтрэх эрх олгох

 

2.1.        Захиалагч нь түүнийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авах ажилтны нэр, албан тушаал, цахим шуудан, утасны дугаар, тендерийн баримт бичгийн үнэ шилжүүлэх Төрийн сангийн дансны мэдээлэл бүхий хүсэлтээ албан бичгээр мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. Хүсэлтэд захиалагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг хавсаргасан байна.

2.2.        Мэргэжлийн байгууллага журмын 2.1-д заасан захиалагчийн хүсэлтийг хянаж шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуцсан ажилтанд нэвтрэх эрхийг цахим шуудангаар олгоно.

2.3.        Захиалагч байгууллагыг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан нь цахим системийн үйлчилгээний нөхцөлийг захиалагчийн нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөнө.

          2.4.        Цахим худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхогч этгээд (цаашид “тендерт оролцогч” гэх) дараах журмаар цахим системд бүртгүүлж, нэвтрэх эрх авна:

2.4.1. Тендерт оролцогчийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авах ажилтны нэр, албан тушаал, цахим шуудан, утасны дугаар бүхий хүсэлтээ албан бичгээр мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. Хүсэлтэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /тендерт оролцогч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар/, тендерт оролцогчийг төлөөлөх ажилтны мэдээлэл бүхий иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус хавсаргасан байна;

2.4.2. Мэргэжлийн байгууллага тендерт оролцогчийн хүсэлтийг хянан, шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуцсан ажилтанд нэвтрэх эрхийг цахим шуудангаар олгоно;

2.4.3. Тендерт оролцогчийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан нь цахим системийн үйлчилгээний нөхцөлийг тендерт оролцогчийн нэрийн өмнөөс зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөж баталгаажуулна.

          2.5.        Цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан, эсхүл цахим системд бүртгэгдсэн мэдээлэл өөрчлөгдөх тухай бүрд захиалагч болон тендерт оролцогч ажлын 5 өдрийн дотор мэргэжлийн байгууллагад албан бичгээр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг бүртгүүлнэ.

          2.6.        Захиалагч ба тендерт оролцогч цахим системд нэвтрэх эрх авсан ажилтныг өөрчлөх бол журмын 2.1-2.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагад хандаж шинэ нэвтрэх эрхийг авна.

          2.7.        Журмын 2.5-ыг зөрчсөн, цахим системд бүртгэлтэй мэдээллийг тухай бүр шинэчлээгүй болон тухайн этгээдийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны аливаа үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар, хариуцлагыг холбогдох захиалагч, тендерт оролцогч хүлээнэ.

          2.8.        Цахим системд нэвтрэх эрх авсан тендерт оролцогч нь хуулийн этгээд бол түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн, иргэн бол тухайн иргэний үндэсний тоон гарын үсгийг ашиглан цахим тендер шалгаруулалтад оролцоно. Тендерт оролцогч нь цахим худалдан авах ажиллагаанд оролцохоос өмнө харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжээс тоон гарын үсгийг холбогдох журмын дагуу авсан байна.

          2.9.        Мэргэжлийн байгууллага нь захиалагч болон тендерт оролцогчийн цахим системд бүртгүүлэх хүсэлт энэ журам болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй бол бүртгэхээс, цахим системийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол үйлчилгээ үзүүлэхээс тус тус татгалзах эрхтэй.

          2.10.      Журмын дагуу захиалагч болон тендерт оролцогчоос цахим системд оруулсан мэдэгдэл, мэдээллийг хуулийн 46.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Гурав. Цахим худалдан авах ажиллагаа зохион

байгуулах, түүнд оролцох

3.1.        Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг энэ журмын дагуу зохион байгуулна.

3.2.        Цахим системд нэвтрэх эрх авсан захиалагч цахим худалдан авах ажиллагааг дараах дарааллын дагуу зохион байгуулна:

3.2.1. Захиалагч нь үнэлгээний хороо байгуулсан шийдвэрийг цахим системд бүртгүүлж, тендерт шалгаруулалт зохион байгуулах эрх авах;

3.2.2. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулж, захиалагчаар батлуулсны дараа тендерийн урилга, тендерийн баримт бичиг /санхүүгийн шаардлага, тендерийн баталгааны мэдээлэл, хүний нөөцийн мэдээлэл, техник тоног төхөөрөмж, худалдан авах бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл/-ийг цахим системд нийтлэх;

3.2.3. Тендер шалгаруулалттай холбоотой гомдол захиалагчид ирсэн бол цахим системийн холбогдох хэсэгт гомдлын агуулгыг олон нийтэд нээлттэй байршуулах;

3.2.4. Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол хариу албан бичгийг гарсан өдөр нь цахим системд нийтлэх, шаардлагатай бол тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах;

3.2.5. Тендерийн баримт бичигт заасан тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусахад үнэлгээний хороо хуулийн 26.1-д зааснаар тендерийг цахим системээр дамжуулан нээх;

3.2.6. Үнэлгээний хороо хууль, холбогдох журам, зааврын дагуу тендерийг үнэлэх;

3.2.7. Үнэлгээний хороо хуулийн 29.1-д заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг үнэн зөв, бүрэн нийтэлж, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн нууцлаагүй хэсгийг Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ын дагуу ил болгох.

3.3.        Цахим системд нэвтрэх эрх, тоон гарын үсэг авсан тендерт оролцогч нь журмын 5.1-д заасны дагуу тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр цахим худалдан авах ажиллагаанд дараах байдлаар оролцоно.

3.3.1. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан  байх;

3.3.2. Тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерээ электрон хэлбэрээр буюу “PDF” форматаар гаргацтай, тод хөрвүүлж илгээх, ингэхдээ өөрийн санал болгож буй тендерийн үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулсан байх зэрэг хуулийн 53.5.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх;

3.3.3. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө илгээсэн тендертээ засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан авах.

3.4.        Тендерийн урилга зарлан мэдээлсэн огноог цахим системд нийтэлсэн өдрөөр тооцно. Захиалагч хуулийн 21.1-д заасны дагуу өдөр тутмын сонинд нийтлэх тендерийн урилгад цахим системд нийтэлсэн огноо, бүртгэлийн дугаарыг заавал дурдана.

3.5.        Тендерийн урилгад заасан тендер хүлээн авах эцсийн хугацаа нь цахим системийн серверийн цагаар тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон тендерийг хүлээж авахгүй.

3.6.        Тендерийн нээлт хийсэн даруй хуулийн 26.3-т заасан мэдээллийг захиалагч олон нийтэд нээлттэй болгоно.

3.7.        Тендерт оролцогч нь тендертээ санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг цахим системтэй холбогдсон, түүнд мэдээлэл дамжуулдаг мэдээллийн баазын мэдээлэлтэй баримт бичгийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд үнэлгээний хорооноос тендерт оролцогчийн чадавхын үнэлгээ хийхдээ зөвхөн холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан (эсхүл холбогдох байгууллагаас бичгээр ирүүлсэн) мэдээллийг үндэслэл болгоно.

3.8.        Журмын 3.7 дахь заалт нь хуулийн 5.1.21-д заасан гадаадын этгээдийн ирүүлсэн тендерт хамаарахгүй.

3.9.        Захиалагч тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийн хариуг хүсэлт гаргагчийн нэрийг дурдалгүйгээр албан бичгээр гаргаж, түүний хуулбарыг цахим систем дэх тендерийн баримт бичгийн “тодруулга” хэсэгт нийтэлнэ. Ийнхүү нийтэлсэн даруйд тус тодруулга, нэмэлт мэдээллийг бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно.

          3.10.      Тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэлтэй холбогдуулан захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгах эрхтэй ба энэ нь тендерийн баримт бичгийн салшгүй нэг хэсэг байна.

          3.11.      Тендерт оролцогч тендер илгээхдээ журмын 3.3.1-д зааснаар түншлэлийн бусад гишүүдтэй гэрээ байгуулаагүй бол хуулийн 5.1.6.б-д заасан тендерт оролцогч гэж үзэхгүй.

3.12.      Тендерт оролцогчоос ирүүлсэн тендер нь бүхэлдээ эсхүл зарим хэсэг нь журмын 3.3.2-т заасан шаардлага хангаагүй бол тухайн баримт бичгийг үнэлгээнд харгалзан үзэхгүй.

          3.13.      Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална.

 

Дөрөв. Тендерийн баталгаа

 

    • Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогч нь тендер илгээхээс өмнө банкны болон Засгийн газрын үнэт цаасны баталгаа гаргах эрх бүхий этгээдээс цахим системээр дамжуулан баталгаа гаргуулсан байна.

  • Журмын 4.1-д заасан эрх бүхий этгээд нь мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр цахим системд баталгаа гаргах эрхтэй байна.

  • Гадаадын хуулийн этгээд хуулийн 20.2-т зааснаар гадаадын банкнаас эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас хэлбэрээр тендерийн баталгааг ирүүлэх бол тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баталгааны эх хувийг үнэлгээний хороонд, түүний хуулбарыг мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.

  • Тендерийн баталгаа гаргагч нь захиалагч байгууллагын нэр, тендер шалгаруулалтын нэр, тендерийн баталгааны дугаар, мөнгөн дүн, хүчинтэй байх хугацаа, баталгаа гаргасан салбарын хаяг, байршил, хариуцсан ажилтны мэдээллийг цахим системд оруулна.

  • Журмын 4.3-т зааснаас бусад тендерийн баталгааг хүчингүй болгох хүсэлтийг тендерт оролцогч цахим системээр дамжуулан гаргана.

  • Захиалагч тендерийн баталгааг хуулийн 20.6-д зааснаар «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа цахим системээр хүчингүй болгоно.

  • Гадаадын хуулийн этгээдээс энэ журмын 4.3-т заасан хэлбэрээр ирүүлсэн тендерийн баталгааг түүний хүсэлтийг үндэслэн захиалагч зөвхөн албан бичгээр хүчингүй болгоно.

  • Журмын 4.1, 4.3-т зааснаар тендерийн баталгаа ирүүлээгүй бол хуулийн 20.5-д заасан нөхцөл үүссэн гэж үзнэ.

  • Хуулийн 8.6-д заасан хэд хэдэн багцтай тендер шалгаруулалтын баталгааг багц тус бүрээр гаргана. Цахим системээр гаргаж буй тендерийн баталгааг тендерт оролцогч бичгээр гаргуулах, үнэт цаасан дээр хэвлүүлэх шаардлагагүй.

 

Тав. Тендерийн баримт бичгийн үнэ

 

    • Цахим худалдан авах ажиллагаанд оролцох этгээд нь захиалагчаас төлбөртэй худалдахаар заасан тендерийн баримт бичгийг урьдчилж татаж авсан, танилцсан эсэхээс үл хамааран тендерийн баримт бичгийн үнийг цахим системээр дамжуулан төлснөөр тендер илгээх эрхтэй болно.

  • Захиалагч хуулийн 22.2-т заасныг үндэслэн тендерийн баримт бичгийг үнэгүй олгох эсхүл 50,000.00 /тавин мянга/ төгрөгөөр худалдахаар зааж болно.

  • Төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч нь мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээнд үндэслэн тендерт оролцогчдыг тендерийн баримт бичгийн үнийг төлөх боломжоор хангана.

  • Мэргэжлийн байгууллага нь тендерийн баримт бичгийн үнийн 30 хүртэл хувийг цахим системийн найдвартай ажиллагаа, шинэчлэл сайжруулалт, аюулгүй байдлыг хангахад зарцуулах бөгөөд энэ тухай журмын 2.3-т заасан цахим системийн үйлчилгээний нөхцөлд тусгана.

  • Тендерт оролцогч илгээсэн тендерээ буцаасан эсхүл тендер шалгаруулалтад оролцоогүй нь тендерийн баримт бичгийн үнийг буцаан олгох үндэслэл болохгүй.

 

Зургаа. Мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг

 

    • Мэргэжлийн байгууллага нь цахим системтэй холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Цахим систем болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох цахим дэлгүүрийн барааны бүртгэл, портал хуудсыг хөтлөн, хэвийн үйл ажиллагааг хариуцах;

  • Цахим системийн аюулгүй ажиллагаа, сургалт, нууцлалыг хангаж ажиллах;

  • Тендерийн баталгаа гаргагч, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд болон төрийн байгууллагын мэдээллийн цахим систем, Үндэсний тоон гарын үсгийн гэрчилгээжүүлэгч байгууллагатай тус тус гэрээ байгуулж ажиллах;

  • Журмын 6.1.3-т заасны дагуу байгуулсан гэрээний хэрэгжилтийг хянаж ажиллах;

  • Цахим системийн тухай аливаа тодруулга, тайлбар, мэдээллийг захиалагч, тендерт оролцогч болон бусад этгээдэд өгөх;

  • Цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүнд хэрхэн оролцох тухай сургалтыг тогтмол зохион байгуулах;

  • Цахим худалдан авах ажиллагаатай холбоотойгоор цахим системд захиалагчаас оруулж буй мэдэгдэл, нэмэлт мэдээлэл, тодруулга, тендерийн баримт бичгийн нэмэлт, өөрчлөлт, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг тендерт оролцогчдод цахим шуудан эсхүл гар утасны зурвас болон харилцаа холбооны бусад хэлбэрээр дамжуулан хүргэх техникийн шийдлийг бий болгон ажиллах;

  • Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудыг цахим системд нэвтэрч, холбогдох мэдээллийг нийтлэх боломжоор хангах;

  • Цахим системээр зохион байгуулж буй тендер шалгаруулалт, түүнд нийтлэгдэж буй мэдээлэлд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах тухай холбогдох байгууллагуудад шаардлага, мэдээлэл, зөвлөгөө хүргүүлэх.

Долоо. Тендерт оролцогчийн эрх, үүрэг

 

    • Тендер оролцогч нь цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны үйлдэл, эс үйлдэл, түүнд олгогдсон эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх хариуцлагыг хүлээнэ.

  • Тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг тендерт оролцогч өөрөө хариуцна.

  • Тендерт оролцогч, түүнийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх бүхий этгээд нь цахим системд нэвтрэх эрх, нууц үгийн нууцлалыг чандлан хадгалах ба нууцлалыг алдсан, мартсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад дахин хандаж эрх авна.

  • Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ.

  • Тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй.

 

Найм. Захиалагчийн эрх, үүрэг

 

    • Захиалагч байгууллага нь цахим худалдан авах ажиллагааг энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

  • Захиалагч хуулийн 49.2.1-49.2.9-д заасан баримт бичиг, материалыг тендер шалгаруулалтыг зохион байгуулж дууссанаар, хуулийн 49.2.10-т заасан баримт бичиг, гэрээг дүгнэж ажил, үйлчилгээг хүлээн авснаар зохих журмын дагуу архивлан хадгална.

  • Захиалагч журмын 8.2-т зааснаар холбогдох баримт бичгийг архивлахдаа хуулийн 49.2.3, 49.2.5-д заасан материалыг цахим хэлбэрээр тусгай тээгч (зөөврийн хатуу диск, оптик диск) дээр архивлан хадгална.

 

Ес. Гомдол хянан шийдвэрлэх

ажиллагааны тухай мэдээлэл

 

    • Тендерт оролцогч нь Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдийн 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу гаргасан гомдлын хувийг гомдол гаргаснаас хойш 1 хоногийн дотор цахим системд оруулна.

9.2. Гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага нь цахим худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг тухай бүр цахим системээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

Арав . Бусад зүйл

 

    • Давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас
      цахим систем ажиллах боломжгүйгээс шалтгаалан тендерт оролцогч тендерт оролцох боломжгүй болсноос үүдэн гарах аливаа хариуцлагыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн байгууллага болон захиалагч хариуцахгүй.

  • Журмын 10.1-д зааснаар цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд мэргэжлийн байгууллага энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэж, захиалагч тендерийн нээлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж, нийтэд энэ тухай цахим системээр дамжуулан, боломжгүй бол харилцаа холбооны бусад хэрэгслээр нэгэн зэрэг мэдэгдэнэ.

  • Журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-o0o-