БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

123

Сангийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн
264 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь тендерт оролцохыг сонирхогч хуулийн этгээд, иргэний бүртгэлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх)-аас хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх, тэдгээрийг мэдээллэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Сангийн сайдын 2019 оны 183 дугаар тушаалаар зарим хэсгийг хассан./

1.2.Яам нь худалдан авах ажиллагааны бүртгэл, мэдээллийн санг худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээний мэдээллийн систем /цаашид “систем” гэх/ (http://pmmis.e-procurement.mn)- ийг ашиглан энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлнэ.

Хоёр. Бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргах

2.1.Хуулийн этгээд, иргэн (цаашид “хүсэлт гаргагч этгээд” гэх) нь бүртгүүлэх хүсэлтээ энэ журмын хавсралт 1-д заасан мэдүүлэг болон нотлох баримтын хамт холбогдох яаманд хүргүүлнэ.

2.2.Энэхүү журмын 2.1-д заасан хүсэлт гаргагч нь дараах мэдээллийг ирүүлнэ.

            2.2.1.Мэдүүлэг /Хавсралт 1/;

        2.2.2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар;

            2.2.3.Тусгай зөвшөөрлийн хуулбар;

            2.2.4.Шаардлагатай тохиолдолд төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэл;

       2.2.5.Үйл ажиллагааны чиглэл, чадвар, туршлагын талаарх мэдээлэл /Хавсралт 2/;

            2.2.6.Албан ёсны хаяг /утас, факс, цахим шуудан гэх мэт/.

2.3.Энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийн үнэн зөвийг хүсэлт гаргагч этгээд бүрэн хариуцна.

2.4.Хүсэлт гаргагч этгээд нь энэ журмын 2.2.5-д заасан мэдээллийг ирүүлэхдээ дараах зүйлсийг хавсралт 2-т заасны дагуу тусгаж ирүүлнэ.

2.4.1.Ижил төстэй ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн туршлага;

2.4.2.Ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар, техник, тоног төхөөрөмжийн жагсаалт.

2.5.Бүртгэгдсэн этгээдийн мэдээлэл өөрчлөгдсөн бол бүртгүүлсэн яаманд мэдэгдэнэ.

Гурав. Бүртгэл, мэдээллийн санд бүртгэх

3.1.Энэ журмын 2.1-д заасан хүсэлтийг системд нэвтрэх эрх бүхий яамны ажилтан, албан хаагч хүлээн авч бүртгэнэ. Шаардлагатай тохиолдолд хэрхэн бүртгэгдсэн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр хүсэлт гаргасан этгээдэд хүргүүлж болно.

3.2.Хүсэлтийг “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын дагуу бүртгэнэ.

3.3.Яам энэ журмын 2.2-т заасан баримт бичгийг архивын нэгж болгон хадгална.

3.4.Бүртгэгдсэн этгээдийн жагсаалтыг сар бүр Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/-т нийтэлнэ.

3.5.Яам нь өөрийн мэдээллийн санд бүртгэгдсэн этгээдийн талаарх мэдээллийг захиалагчийн хүсэлтээр тухай бүр гаргаж өгнө.

3.6.Бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн нь тухайн этгээдийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг илэрхийлэхгүй. Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тухайн этгээдийн чадварын шаардлагыг нарийвчлан үнэлнэ.

3.7.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны бүртгэл, мэдээллийн санг хөтлөхөд мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангана.

Дөрөв. Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан

этгээдийн бүртгэлд бүртгэх

          4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэнийг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон тохиолдолд тухайн тендерт оролцогчийг бүртгэлд хамруулах талаар улсын байцаагч санал гаргаж, худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчид танилцуулна.

      4.2.Энэхүү журмын 4.1-д заасан саналыг гаргахдаа тендерт оролцогч, захиалагч байгууллагаас ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг харгалзан үзнэ.

     4.3.Энэ журмын 4.1-д заасан нөхцөл байдал үүссэнийг тогтоосон улсын байцаагчийн санал болон шүүхийн шийдвэрийг үндэслэн Худалдан авах ажиллагааны ахлах байцаагч тухайн этгээдийг тендерт оролцох эрхээ  хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн сайдад танилцуулна.

          4.4.Энэ журмын 4.3-т заасан бүртгэлийг Сангийн сайдын тушаалаар албажуулна.  

          4.5.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг тухайн зөрчлийг гаргаснаас хойш 3 жилийн хугацаанд Засгийн газрын худалдан авах ажиллагаанд аливаа нэг хэлбэрээр оролцохыг хориглоно. 

          4.6.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлд хамруулах шийдвэр гарсан даруй худалдан авах ажиллагааны улсын байцаагч тухайн этгээдэд уг бүртгэлд бүртгэгдсэн болохыг мэдэгдэнэ.

          4.7.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/-д энэ журмын 4.5-д заасан хугацаанд байршуулж олон нийтэд мэдээлж ажиллана.

          4.8.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээд тендер шалгаруулалтад оролцож байгаа эсэхийг захиалагч болон үнэлгээний хороо Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/-д байршуулсан мэдээллийг үндэслэн тендер шалгаруулалт тухай бүрт хянана.  /4-р хэсгийг Сангийн сайдын 2019 оны 183 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Дөрөв. Бусад

4.1.Бүртгэл мэдээллийн сангийн мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

4.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Сангийн сайдын 2019 оны 183 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

_______ооОоо_______