ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДООС ИРҮҮЛСЭН ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

57

Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралт

 

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДООС ИРҮҮЛСЭН ГОМДЛЫГ ХЯНАН
ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасны дагуу тендерт оролцогчдоос захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотойгоор захиалагчид өөрт нь болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах, тэдгээр нь гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.

1.3.Хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан тендерт оролцогчоос гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу заавал биелүүлнэ.

Хоёр. Захиалагчид гомдол гаргах

2.1.Тендерт оролцогч нь хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу захиалагчид гомдол гаргахдаа захиалагч үүргээ зөрчсөн байж болох нөхцөл байдлыг нотлох баримтыг хавсаргана.

2.2. Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд нь хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлсөн баримт, зөвлөх үйлчилгээний хувьд хураангуй жагсаалтад орсон тухай албан бичгийг хавсаргаж ирүүлнэ.

2.3. Захиалагч энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор бусад тендерт оролцогчдод гомдлын агуулгыг бичгээр мэдэгдэнэ. Цахим тендер шалгаруулалттай холбоотой гомдлын агуулгыг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр мэдэгдэнэ.

2.4. Захиалагч гомдол гаргагч болон гомдлыг хянан шийдвэрлэж гарах шийдвэрээр эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болох тендерт оролцогчдод гомдлыг шийдвэрлэх байршил болон он, сар, өдрийг бичгээр мэдэгдэнэ.

2.5. Захиалагч гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэмдэглэл хөтөлж, оролцогч талуудаар гарын үсэг зуруулна.

2.6. Энэ журмын 2.4-т заасан тендерт оролцогч хүрэлцэн ирээгүй бол түүний оролцоогүйгээр гомдлыг хянан шийдвэрлэх ба энэ ажиллагаанд оролцоогүй этгээд нь хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаар цаашид гомдол гаргах эрхгүй байна.

Гурав. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах, гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх

3.1.Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж болно.

3.2.Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд нь хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлсөн баримт, зөвлөх үйлчилгээний хувьд хураангуй жагсаалтад орсон тухай албан бичгийг хавсаргаж ирүүлнэ.

3.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дараах үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргагчид буцаана.

3.3.1.тендерт оролцогч болохыг нотолсон энэ журмын 3.2-т заасан баримтыг ирүүлээгүй;

3.3.2.гомдол гаргагч гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй;

3.3.3.гомдол гаргасан асуудлаар өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шийдвэрлэж хариу өгч байсан.

3.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шаардлага хангасан гомдол хүлээн авсан даруйд захиалагчид албан бичгээр мэдэгдэх ба гомдлын агуулга, шаардлагаас хамааран энэ журмын 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.6-д заасан баримт бичгийг ирүүлэхийг шаардаж болно.

3.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол энэ тухай энэ журмын 3.4-т заасан албан бичигт дурдана.

3.6.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тендерийн баримт бичиг бэлтгэхтэй холбоотой ажиллагааг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

3.6.1.захиалагчийг хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргах;

3.6.2.захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид мэдэгдэх.

3.7.Гомдол хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй байршуулна.

Дөрөв. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, гомдлыг хүлээн авах

              4.1.Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Сангийн яам” гэх/-д гаргана.

              4.2.Энэ журмын 4.1-д заасан гомдол гаргагчийн эрх бүхий этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн хувьд тамга тэмдгээр баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлэх ба гомдолд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

4.2.1.гомдолд гарын үсэг зурсан этгээд нь гомдол гаргагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотлох баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эсхүл эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэл;

4.2.2.оршин байгаа газрын хаяг, цахим шуудан, шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар;

4.2.3.захиалагчид гомдол гаргасан бол гомдлын хуулбар, захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдэл;

4.2.4.тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар;

4.2.5.шаардлагатай гэж үзсэн бусад баримт материал.

4.3.Захиалагчид гаргасан гомдлын шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл захиалагч хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй талаар тендер шалгаруулалтын нээлтээс өмнө Сангийн яаманд гаргасан гомдолд энэ журмын 4.2.4-т заасан шаардлага хамаарахгүй.

4.4.Сангийн яам гомдлыг хүлээн авч бичиг хэргийн бүртгэлд бүртгэх ба бүртгэсэн өдрөөс эхлэн хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа тоологдоно.

4.5.Сангийн яам энэ журмын 4.2-т заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй болон дараах нөхцөл байдал бүхий гомдлыг буцаах ба энэ тухай гомдол гаргагчид утсаар болон албан бичгээр мэдэгдэнэ. Үүнд:

4.5.1.тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан этгээдийн тендерийн баталгаа хүчингүй болсон;

4.5.2.гомдол гаргагч гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй;

4.5.3.гомдол гаргасан асуудлаар өмнө нь Сангийн яам шийдвэрлэж хариу өгч байсан.

4.6.Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гарсан тухай захиалагчид утсаар болон албан бичгээр мэдэгдэх бөгөөд захиалагч нь мэдсэн даруйд түр түдгэлзүүлсэн тендер шалгаруулалтыг зогсоох, гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байх ба энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ.

4.7.Захиалагч Сангийн яамнаас түр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээн авсан бол энэ журмын 2.3-т заасан журмын дагуу тендерт оролцогчдод мэдээлнэ.

Тав. Тендер шалгаруулалттай холбогдох баримт
бичгийг хянан үзэх

5.1.Сангийн яам нь хүлээн авсан гомдлын агуулга, шаардлагаас хамааран дор дурдсан мэдээлэл, баримт бичгийг ирүүлэхийг захиалагчаас шаардаж болно. Үүнд:

5.1.1.батлагдсан төсөвт өртгийн шийдвэрийн хуулбар;

5.1.2.захиалагчийн үнэлгээний хороо томилсон шийдвэр;

5.1.3.захиалагчийн баталсан тендерийн баримт бичиг;

5.1.4.тендерт оролцогчдын ирүүлсэн тендер /цахим тендер бол холбогдох файл/;

5.1.5.тендерийн нээлтийн тэмдэглэл;

5.1.6.үнэлгээний хорооны тайлан, хурлын тэмдэглэл;

5.1.7.тендерт оролцогчид болон бусад байгууллагуудтай харилцсан бичиг;

5.1.8.захиалагч хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан гомдол барагдуулах ажиллагаа явуулсан бол холбогдох мэдэгдэл, хурлын тэмдэглэл;

5.1.9.гэрээ байгуулах эрх олгох тухай захиалагчийн шийдвэр;

5.1.10.гэрээ байгуулах эрх олгох болон шалгараагүй тухай мэдэгдлийг оролцогч нарт хүргүүлсэн талаар нотлох баримт;

5.1.11.гомдол гарсан талаар гэрээ байгуулах эрх олгосон оролцогчид мэдэгдсэн мэдэгдлийн хуулбар;

5.1.12.шаардлагатай бусад баримт бичиг.

5.2.Гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл Сангийн яам холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно.

5.3.Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд нь тендер шалгаруулалтын материалтай танилцаж байх явцад худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил, илт хуурамч баримт бичиг, мэдээлэл илэрсэн тохиолдолд эрх бүхий улсын байцаагч болон бусад этгээдэд шалгуулахаар шилжүүлж болно.

Зургаа. Сангийн яам гомдлыг хянан

шийдвэрлэх, шийдвэрийг мэдэгдэх

6.1.Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

6.1.1.захиалагчийг хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргах;

6.1.2.захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид албан бичгээр мэдэгдэх.

6.2.Сангийн яам энэ журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно.

6.3.Гомдол хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг Сангийн яам худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй байршуулна.

Долоо. Тендерийн баталгааг улсын орлого болгох

7.1.Сангийн яам тендерт оролцогчийн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг хүчинтэй байх хугацаанд багтаан улсын орлого болгохыг захиалагчид даалгана.

7.2.Энэ журмын 7.1-д заасан мэдэгдэл хүлээн авсан захиалагч тухайн тендерт оролцогчийн ирүүлсэн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш хэмжээтэй тендерийн баталгааны 20 сая төгрөгийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яамнаас хүргүүлсэн нэр бүхий Төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.

7.3.Сангийн яам гомдлыг эцэслэн шийдвэрлэхээс өмнө тендерт оролцогч гомдлоосоо татгалзсан бол гомдлыг буцаах ба түүний тендерийн баталгааг улсын орлого болгохгүй.

Найм. Бусад

8.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

-оОо-