ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ

77

Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны

өдрийн 37 дугаар тушаалын хавсралт

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам /цаашид “журам” гэх/-ын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-д заасны дагуу худалдан авах ажиллагааны чиглэлээр боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг зохицуулах, эрх бүхий сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалтын үйл ажиллагаанд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт

2.1. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт /цаашид “сургалт” гэх/ дараах 3 төрөлтэй байна. Үүнд:

2.1.1. Суурь мэдлэг олгох сургалт /А3-3 өдөр/.

2.1.2. Сургагч багшийн сургалт /Б5-5 өдөр/.

2.1.3. Суурь мэдлэг олгох цахим сургалт /А3-Цахим/.

2.2. Энэхүү журмын 2.1.1-2.1.3-т заасан сургалтад хамрагдаж, зохих шалгалтад тэнцсэн гэрчилгээ эзэмшигч нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасны дагуу захиалагч байгууллагын тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороонд ажиллах эрхтэй.

Гурав. Суурь мэдлэг олгох /А-3/ сургалт

            3.1. Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт /А3/ нь 3 өдөр буюу 24 цаг (1080 минут)-аас багагүй хугацаанд явагдах бөгөөд дор дурдсан сэдвийг хичээлийн агуулгад заавал багтаана.Үүнд:

  • Засгийн газрын худалдан авах ажиллагааны онолын үндэс, олон улсын туршлага;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн танилцуулга;
  • Бараа, ажлын тендерийн баримт бичиг боловсруулах аргачлал;
  • Тендер шалгаруулалтын үнэлгээ болон холбогдох журам, зааврууд;
  • Бараа, ажлын гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүд;
  • Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичиг боловсруулах, түүний онцлог болон үнэлгээ хийх тухай;
  • Зөвлөхийн бус үйлчилгээний тендерийн баримт бичиг боловсруулах, түүний үнэлгээ;
  • Цахим худалдан авах ажиллагаа;
  • Ерөнхий гэрээ;
  • Бусад шаардлагатай журам, зааврууд.

3.2. Сургалт нь лекц, дасгал ажил, хэлэлцүүлэг бүхий 3 хэсгээс бүрдэх дараах хуваарийн дагуу байна. Үүнд:

3.2.1. Лекц нийт хичээлийн цагийн 65 хувь байх;

3.2.2. Дасгал ажил нийт хичээлийн цагийн 20 хувь байх;

          3.2.2.а. Дасгал ажил

                      /Тодорхой жишээ авч хэлэлцэн шийдвэрлэх. Үүнд цахим худалдан авалтын дасгал ажил оруулах/ – 15 хувь

          3.2.2.б. Асуултууд

                    /Сонсогчийн мэдлэгийг шалгах зорилготой асуултууд/ – 5 хувь

3.2.3.  Хэлэлцүүлэг нийт хичээлийн цагийн 15 хувь байхаар тус тус тооцож хуваарилна. Хичээлийн лекц тус бүрийн хувьд 15 минутаас доошгүй асуух, хариулах хэлбэрээр ярилцлага хийнэ.

Дөрөв. Сургагч багш бэлтгэх сургалт /Б5/

            4.1. Сангийн яам худалдан авах ажиллагааны сургагч багш бэлтгэх 5 өдрийн сургалтыг үнэ төлбөргүй, жилд 1 удаа зохион байгуулна.

          4.2.Сургагч багшийн сургалтад худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ /А3/-тэй, худалдан авах ажиллагааны бодлого, арга зүйн талаар 3-аас доошгүй жил ажилласан зохих дадлага туршлагатай мэргэшсэн ажилтан хамрагдана.

            4.3. Сургагч багшийнсургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн оролцогчид “сургагч багш”-ийн гэрчилгээ /Б5/ 3 жилийн хугацаатайгаар олгоно.

Тав. Суурь мэдлэг олгох цахим сургалт /А3-Цахим/

5.1. Суурь мэдлэг олгох цахим сургалтад өмнө нь худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ эзэмшигч хамрагдах эрхтэй.

5.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/цаашид “ТӨБЗГ” гэх/ нь суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна.

5.3. Энэ журмын 2.1.1-д заасан сургалтад хамрагдсан гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд суурь мэдлэг олгох цахим сургалтад хамрагдаж болно. Сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд ТӨБЗГ энэ тухай бүртгэл хөтөлж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгана.

5.4. Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан нь зөвхөн нэг удаа суурь мэдлэг олгох цахим сургалтад хамрагдана.

5.5. Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан нь цахим сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцээгүй тохиолдолд энэ журмын 2.1.1-д заасан сургалтад хамрагдана.

5.6. ТӨБЗГ энэ журмын 2.1.3-т заасан цахим сургалтад амжилттай оролцсон суралцагчдаас хоёр сард 1 /нэг/ удаа цахим шалгалт авна.

5.7. Суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана.

Зургаа.Сургалтын байгууллага,түүнд тавигдах шалгуур

6.1. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын асуудалхариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр худалдан авах ажиллагааны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

6.2. Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, тогтмол сургалт явуулах боломжтой хичээлийн танхим эсхүл түрээсийн гэрээ байгуулсан байна.

6.3. Сургалтыг 2-оос доошгүй сургагч багш удирдан зохион байгуулах бөгөөд нэг багш нь сургалтын байгууллагын үндсэн ажилтан байна.

6.4. Сургалтын байгууллагын хичээлийн танхим сургалт явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Үүнд: Компьютер, хувилагч хэвлэгч, проектор, дэлгэц, самбар бусад шаардлагатай зүйлс.

6.5. Сургалтын байгуулага сургалтад оролцогчдыг шаардлагатай гарын авлага материалаар хангах бөгөөд сургалтын материалууд нь худалдан авах ажиллагааны хууль, журам зааварт орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тухай бүр тусгасан байна.

6.6. Сургалтын анги дүүргэлт 30 хүнээс дээшгүй байна.

Долоо. Сангийн яамны эрх, үүрэг

            7.1. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, сургалтад оролцогчдоос авах шалгалтын агуулгыг Сангийн яам батална.

         7.2. Сангийн яам журмын 2.1.1, 2.1.3-т заасан сургалтыг зохион байгуулах бодлого, арга зүйн зөвлөмжөөр хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/цаашид “ТӨБЗГ” гэх/ болон сургалтын байгууллагатай хамтран ажиллана. Сургалтын талаар мэдээлэл солилцох зорилгоор ТӨБЗГ болон сургагч багш нарын уулзалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

            7.3. Сангийн яам журмын 2.1.1-д заасан сургалтын төлбөрийн хэмжээнд хяналт тавьж, уг төлбөрийг үндэслэлгүй өндөр тогтоосон бол төлбөрийг бууруулах шаардлага тавих эрхтэй.

            7.4. Сангийн яам журмын дагуу ТӨБЗГ-аас олгож буй гэрчилгээ олголтын байдал, материал бүрдүүлэлттэй жилд 2-оос доошгүй удаа хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч ажиллана.

          7.5. Журмын 2.1.1-д заасан сургалтад оролцогчдоос авсан санал асуулгын дүн “хангалтгүй” эсвэл гэрчилгээ олгох шалгалтад тэнцсэн оролцогчдын хувь нийт оролцогчдын 60 хувиас бага тохиолдолд Сангийн яам болон ТӨБЗГ-аас сургалтын байгууллагын дутагдлыг арилгуулах шаардлагыг тавьж ажиллана. Сангийн яам нь дээрх дутагдал давтагдсан тохиолдолд байгууллагын сургалт явуулах эрхийг хүчингүй болгох эрхтэй.

Найм. ТӨБЗГболон сургалтын байгууллагын эрх, үүрэг

8.1. ТӨБЗГ болон сургалтын байгууллага нь сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарь, сургалтын материал, сургалт болон шалгалтын агуулга зэргийг Сангийн яамаар хянуулан, батлуулсны үндсэн дээр сургалт явуулна.

8.2. ТӨБЗГ болон эрх бүхий сургалтын байгууллага журмын 2.1.1-д заасан сургалтыг зохион байгуулна.

8.3. ТӨБЗГ нь энэжурмын 2.1.1 болон 2.1.3-т заасан сургалтад оролцон, шалгалтад тэнцсэн оролцогчид худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно.

8.4. Сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно.

8.5. ТӨБЗГ нь сургалтад оролцогчдоос авсан мэдлэг шалгах тестийн дүнг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.tender.gov.mn/-т тухай бүр нийтэлнэ.

8.6. ТӨБЗГ болон сургалтын байгууллага журмын дагуу гүйцэтгэсэн сургалтын тайланг 6, 12 дугаар сарын эхний долоо хоногт Сангийн яаманд ирүүлнэ.

8.7. Сургалтын байгууллага Сангийн яамтай “Хамтран ажиллах тухай санамж бичиг” байгуулан, мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй.

8.8. ТӨБЗГ журмын 2.1.3-т заасан сургалтыг Сангийн яамтай хамтран зохион байгуулна.

Ес. Гэрчилгээ олгох, хүчинтэй хугацааг сунгах

9.1. Журмын 2.1.1 болон 2.1.2-т заасан сургалтад оролцогч 90 хувиас доошгүй ирцтэй байх шаардлагыг хангасан тохиолдолд холбогдох шалгалт өгөх эрхтэй болно.

9.2. Сургалтад оролцогч шалгалтад 90 хувиас доошгүй хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд гэрчилгээ эзэмших эрхтэй болно.

9.3. Журмын 2.1.1 болон 2.1.3-т заасан сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтад тэнцээгүй оролцогч нь сургалтад дахин хамрагдана.

9.4. Мэргэшсэн ажилтны гэрчилгээний загварыг Сангийн сайд батална.

9.5. Гэрчилгээнд эцэг/эхийн нэр, сургалтад оролцогчийн нэр, регистрийн дугаар, сургалтын төрөл, олгосон огноо, хүчинтэй байх хугацаа, нууцлалын код /QR/, бүртгэлийн дугаарыг агуулсан байна. QR кодоор цахим хэлбэрээр гэрчилгээний хүчинтэй эсэхийг шалгах боломжтой байна.

9.6. Журмын 2.1.1, 2.1.3-т заасан гэрчилгээг ТӨБЗГ, 2.1.2-т заасан гэрчилгээг Сангийн яамнаас тус тус олгоно.

9.7. Гэрчилгээ эзэмшигчийн нэгдсэн бүртгэлийг ТӨБЗГ-аас эрхлэн хөтөлж, гэрчилгээ эзэмшигчийн жагсаалтыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас (www.tender.gov.mn)-нд нийтэлнэ.

9.8. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байна. Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд журмын 2.1.3-т заасны дагуу цахим сургалтад хамрагдаж болно. Цахим сургалтад оролцон, шалгалтад тэнцсэн тохиолдолд ТӨБЗГ-аас гэрчилгээ олгоно.

9.9 Сургагч багшийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд журмын 2.1.2-т заасан сургалтад хамрагдаж болно.