ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ – ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

admin  |   2016-07-03  |   Мэдээ мэдээлэл


2016-06-03                                                                                                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 08 сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах Мэргэжлийн байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Худалдан авах ажиллагааны газар (ХААГ)-ыг байгуулах шийдвэр гарсан.  

ХААГ нь Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 42 дугаар тушаалаар баталсан "Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т тусгагдсан эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах хүрээнд 8 бүтцийн нэгж, 65 албан хаагчийн орон тоотойгоор 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. Ийнхүү үүсгэн байгуулагдсанаас хойш Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 387 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 03 дугаар тушаалаар агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсны дагуу 2015 оны 01 сараас эхлэн 5 бүтцийн нэгж, нийт 55 албан хаагч бүхий бүтэц, орон тоотойгоор  ажиллаж байна.

Монгол Улсын Их хурал, Засгийн газраас авлига, хээл хахуулийг арилгах, төсвийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжиж, үр ашгийг дээшлүүлэх ажлыг үе шаттай авч хэрэгжүүлсний нэг нь Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагыг байгуулсан явдал юм. ХААГ нь байгуулагдсанаас хойш 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, холбогдох журмаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө чармайж, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулан сахилга, хариуцлагыг өндөржүүлэхэд анхааран ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод зохион байгуулна ...” гэсэн зорилтыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласны дүнд худалдан авах ажиллагаанд техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, цахим хэлбэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах үйл явцад ахиц гарлаа. ХААГ-т хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааг 100 хувь, орон нутгийн худалдан авах ажиллагааны 31 нэгжийн зохион байгуулах ажлын 50 гаруй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан үр дүнтэй байгаа бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 91,0 хувийн гүйцэтгэлийн явцтай байна.

Тус мэргэжлийн байгууллага байгуулагдсанаар гарсан зарим ололт, үр дүнг дор товч танилцуулж байна.

1. Цахим худалдан авах ажиллагаа, түүний ололт, үр дүн

Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааны системийг нэвтрүүлэх ажлын эхний үе шатны ажлууд хэрэгжиж, 2010-2012 онд цахим худалдан авах ажиллагааны http://www.meps.gov.mn системийг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ийн дэмжлэгтэй бий болгож, 2013 оноос Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага – ХААГ нь уг системийн байнгын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. 2013 онд ХААГ-т зохион байгуулах нийт ажлын 22 хувийг, 2014-2016 онд нийт худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа бол орон нутгийн худалдан авах ажиллагааны 31 нэгж 2013-2016 онуудад тухайн жилд нийт зохион байгуулах худалдан авах ажиллагааны дунджаар 10-50 гаруй хувийг цахим хэлбэрээр  зохион байгуулсан бөгөөд цахим худалдан авах ажиллагааны системийн хэрэглээ жил бүр ахисан үзүүлэлттэй байна.

                                                                                       

2013-2016 оны дүнгээр нийт 4150 ААН цахим худалдан авах ажиллагааны системд хувийн нууцлалын код авч, цахим худалдан авах ажиллагаанд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд энэ жилүүдэд улсын хэмжээнд нийт 3417 удаагийн тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулж, тэдгээрт 12443 тендерийн саналыг ААН-үүдээс цахимаар хүлээн авсан дүнтэй байна. 2013 онд цахим худалдан авах ажиллагааны системд бүртгэлтэй ААН-ийн тоо 487 байсан бол 2016 оны эхний 5 сарын байдлаар 4150 болж 8 дахин нэмэгдсэн байна. 2013 онд улсын хэмжээнд нийт 167 удаагийн тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бүртгэлтэй ААН-үүдээс нийт 724 тендерийн саналыг цахимаар хүлээн авч байсан бол энэ тоо жил бүр дараалан нэмэгдсэн нь цахим худалдан авах ажиллагааны системийн хэрэглээ улам бүр ахисан үзүүлэлтийг мөн харуулж байна.

                                                              

Цахим худалдан авах ажиллагааны системийн хэрэглээний 2016 оны эхний 5 сарын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан харуулбал цахимаар зарлан зохион байгуулсан ажил 2 дахин, түүнд ирүүлсэн тендерийн саналын тоо 3 дахин өссөн дүнтэй байна

                                                                               

Хөвсгөл, Орхон, Өмнөговь, Дундговь, Булган, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Худалдан авах ажиллагааны албад цахим системийн хэрэглээг 70-100 хүртэл хувьд хүргээд байна.

Цахим худалдан авах ажиллагааны системийг хэрэглээнд нэвтрүүлэн ашигласнаар дараах ололттой үр дагавар гарсан. Үүнд:

1. Төрийн байгууллага хоорондын мэдээллийн солилцоо сайжирч, мэдээллийн бодит байдлыг тендер шалгаруулалтад ашиглах, цаг хугацааг хэмнэж, орон зайнаас хамаарахгүйгээр үйлчилгээг шуурхай болгон хөнгөвчилсөн. Өнөөгийн байдлаар, Монгол банктай валютын ханшны мэдээлэл, арилжааны банкуудтай цахим тендерт оролцох хураамж, тендерийн баталгааны мэдээллийг цахим хэлбэрээр солилцон ажиллаж байна. Ингэснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн баталгаа, бусад мэдээллийг хуурамчаар үйлдэх боломжийг хаасан.

Түүнчлэн, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн системээс тендерт оролцогч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, тайлант үеийн ашиг, алдагдал, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн мэдээлэл авах техникийн боломжийг бүрдүүлснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангийн мэдээллээ тендерийн саналд оруулах шаардлагагүй болгон хялбаршуулсан.

Гааль, татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбогдож тендерт оролцогчдын татвар төлөлт, борлуулалтын орлогын мэдээллийг цахим хэлбэрээр магадалж байна.

2. Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтийг Засгийн газрын худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангаж, тендер шалгаруулалтын ил тод байдлыг бий болгон шалгарсан болон шалгараагүй үндэслэлийг нийтэлж байна. Худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулагдаж байгаа тендерийн хяналтын төсвийг цахим хуудсанд ил тод байршуулан олон нийтэд мэдээлж байна. Энэ нь хэт өндөр төсөвтэй тендерийн санал ирж, тендер хүчингүй болохоос сэргийлэх, оролцогчдын үнийн санал хяналтын хязгаараас зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарахгүй болж байгаа нь улсын төсвийн хөрөнгийг хэмнэхэд чухал ач холбогдолтой болсон.

3. Худалдан авах ажиллагаанд оролцогчид худалдан авах ажиллагааны баримт бичгийг үнэ төлбөргүйгээр цахим системээс татан авдаг болсноор тендерт оролцоход ААН-ээс гардаг зардал багассан.

4. Төрийн байгууллагын тендер шалгаруулалт зохион байгуулах болон тендерийн материалыг архивлах хадгалахад гарах зардал буурч, төсвийн үр ашгийг нэмэгдүүлсэн. Тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналын материал цахим хэлбэрээр хадгалагддаг болсон.

Цахим худалдан авах ажиллагааны системийг боловсронгуй болгох хүрээнд Улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Цахим худалдан авах ажиллагааны системийн 2 дахь үе шат” төслийг 2015-2016 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн даалгаврын хүрээнд Монгол Улсын худалдан авах ажиллагааны тогтолцоонд ашиглагдаж байгаа 3 систем (http://pmmis.e-procurement.mnhttp://e-procurement.mof.gov.mn, http://www.meps.gov.mn)-ийг нэгтгэсэн "Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийг боловсруулан ашиглалтад хүлээн аваад байна.  

"Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн давуу тал:

  • Худалдан авах ажиллагаатай холбоотой тоо мэдээ, статистик сайжирна,
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын систем боловсронгуй болж улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны мэдээллийг нэгдсэн байдлаар хянах боломж бүрдэнэ,
  • ТЕЗ-ийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн хэрэгжилтэд дүгнэлт гаргахад хялбар болсон,
  • Төрийн болон төрийн өмчит ААН-үүд 2016 оноос төрийн худалдан авах ажиллагааг улсын хэмжээнд энэхүү системээр дамжуулан зохион байгуулах боломж бүрдэж байна. 

Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийн хөгжүүлэлтийн хүрээнд "Цахим гарын үсэг”-ийн системтэй уг системийг 2016 оны 05 сарын 20-ны өдөр холбоод байна. 

"Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийг олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрч, "олон улсын жишигт нийцсэн систем” гэж үнэлсэн. Дэлхий банкнаас уг системд үнэлгээ хийж, Дэлхийн банкны санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тус мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр болж, олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг уг системээр зохион байгуулж эхэлсэн. Дэлхийн банкнаас уг системийг ази, номхон далайн бүс нутгийн улсуудад "Сайн туршлага” болгон сурталчлан танилцуулж байна.  

Мөн Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын цахим худалдан авах ажиллагааны системийг үнэлж, тус байгууллагаар худалдан авах ажиллагааг гүйцэтгүүлэхээ илэрхийлж байгаа бөгөөд тус мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг чадавхижуулахад анхаарал хандуулан ажиллаж байна. 

2. Зохион байгуулсан худалдан авах ажиллагаа, түүний үр дүн

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газарт 2013-2016 онд нийт 748.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 767 багц ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулсны дүнд 704.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсөвт нийт 45.0 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон.

                                                                      

2016 он гарсаар эхний 5 сарын дүнгээр нийт 56 төсөл, арга хэмжээний 114 багц ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах явцад 6,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 7 төсөл, арга хэмжээний 9 багц ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулан дууссаны дүнд 5,5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 657,1 сая (0,7 тэрбум) төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгоод байна.

Орон нутгийн 31 Худалдан авах ажиллагааны нэгж 2013-2016 онд зохион байгуулсан улс, орон нутгийн төсөвт нийт 70,8 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон дүнтэй байна.

Худалдан авах ажилагааны мэргэжлийн байгууллага – ХААГ болон орон нутгийн нэгжүүдэд 2013-2016 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны үр дүнд гарсан төсвийн нийт хэмнэлтийг харуулав.

                                                                          

ХААГ байгуулагдсанаар худалдан авах ажиллагааны чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ авч, гадаадын улс орнуудын туршлага судлах, албан хаагчдыг мэргэшүүлэх талаар Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Азийн сан, Мянганы сорилтын сан, БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай тус тус хамтран ажилласан. Үүний дүнд, эдгээр олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Турк, Дани, БНСУ, Итали, Австри, Филиппин, АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Люксембургийн Вант улс, БНХАУ зэрэг гадаадын 12 оронд давхардсан тоогоор ХААГ-ын 48 албан хаагч, орон нутгийн Худалдан авах ажиллагааны албаны 19 албан хаагчийг сургалт, семинарт хамруулж, улс орнуудын худалдан авах ажиллагааны туршлага судлуулан салбарын албан хаагчдын чадавхийг нь сайжруулав.

 3. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр дүн

Мөн Дэлхийн банкны "Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл"-ийн 300,0 мянган ам.долларын санхүүжилтийн дэмжлэгтэйгээр "Худалдан авах ажиллагааны газрын ил тод байдлыг хангах, чадавхийг бэхжүүлэх” зорилт бүхий дэд төслийг 2013-2014 онд хэрэгжүүлэв. Уг төслийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны дотоодын зөвлөхүүдийг гэрээлэн ажиллуулж, мэргэжилтнүүдийг чадавхи бэхжүүлэх сургалтад хамруулсан төдийгүй цахим тендер шалгаруулалт зохион байгуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулав.

4. Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлээр

Засгийн газрын худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтыг эрх бүхий сургалтын 7 байгууллага зохион байгуулж, ХААГ 2013 оны 04 сараас эхлэн уг сургалтын шалгалтыг авч, гэрчилгээ олгож байна. 2013-2016 онд 729 удаагийн сургалтад 19263 хамрагдсанаас 10248 хүн шалгалтад тэнцэж, гэрчилгээ авсан байна. Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан иргэн, албан хаагчид төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороодод төр, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллөөр томилогдон ажиллаж байгаа.

2015 оны 03 сарын 06-ны өдрөөс шалгалтыг улсын хэмжээнд цахим хэлбэрээр авч эхэлсэн бөгөөд уламжлалт (цаасаар) хэлбэрээр авдаг байсан уг шалгалтыг цахим хэлбэрт оруулсан нь технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, шударга, түргэн шуурхай, хэмнэлттэйгээр зохион байгуулахад зохих үр дүнгээ өгч байна.

  

Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, тендерт оролцогчдод зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн "Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Монголд анх удаа тус агентлагт байгуулан, ажиллуулж байна. "Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр 2013-2016 онд нийт 61439 иргэн, ААН-д худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, үйлчилгээг үзүүлсэн.

 

Энэхүү төвийн үйлчилгээний хүрээнд тендерт оролцогчдод утсаар болон биечлэн, цахим хэлбэрээр зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, байгууллага, ААН-д цахим тендерт оролцох хувийн нууцлалын код олгож, бүртгэх, цахим тендер илгээх, тохиргоо хийх зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлж байна.

Тус байгууллагаар үйлчлүүлэхээр ирсэн иргэд, тендерт оролцогчдод төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дороос шуурхай хүргэх зорилгоор иргэний мэдээллийн лавлагаа авах, банкны төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн.

Худалдан авах ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийг таниулан сурталчлах, хэрэгжилтийг олон нийтэд мэдээлэх чиглэлээр 28 удаа өдөрлөг, уулзалт, зөвлөгөөн, сургалт, семинарыг зохион байгуулж, салбарын албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэн ажиллав. Жил бүр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн тухайн онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг нэгтгэн олон нийтэд танилцуулж, тендерт оролцох ААН-үүдэд мэдээлэл олж авах тэгш боломжийг хангах зорилгоор "Шилэн тендер” нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулсан.

Байгууллагын үйл ажиллагааг 30 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилж, давхардсан тоогоор 364 мэдээ, мэдээлэл, ярилцлагыг олон нийтийн хүртээл болгосон байна.

Худалдан авах ажиллагааны мэдээллийг ил тод болгож, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж ажилласан. ХААГ-т зохион байгуулагдаж байгаа тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд ХААГ, ТББ-аас оролцож байгаа төлөөллийг санамсаргүй түүвэрлэн сонгох аргаар сонгож байгаа нь олон нийтээс гарч болох үндэслэлгүй гомдол, хардлагаас зайлсхийж, төрийн худалдан авалтыг будлиангүй, шударга зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой ажил болж хэвшлээ. Уг санамсаргүй түүврийн аргаар сонгох техникийн шийдэл, программ хангамжийг цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийн шинэчлэлийн хүрээнд шийдэн хэрэгжүүлж байна. 2013-2016 онд давхардсан тоогоор 221 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 341 төлөөлөл 851 үнэлгээний хороонд олон нийтийн хяналт тавих чиг үүрэгтэйгээр томилогдон ажилласан.

Худалдан авах ажиллагааны газрын www.e-tender.mn, Сангийн яамны www.e-procurement.mof.gov.mn, Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mn цахим хуудасны мэдээллийн санд тендер шалгаруулалтын урилга, явцын мэдээлэл, үр дүнг оруулсан эсэх талаар мониторинг хийн, тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр олон нийтэд шуурхай мэдээлж ажиллав. "Тендер шалгаруулалтын үр дүнг мэдээлэх тухай” газрын даргын 2014 оны Б/69 дүгээр тушаалын дагуу тендер шалгаруулалтад оролцож, "Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн компанийн материалыг цахим хуудсанд ил тод байршуулан, олон нийтэд ил тод мэдээлж байна. Энэ нь тендер шалгаруулалтыг шударга зохион байгуулахад чиглэсэн хариуцлагыг өндөржүүлж, Засгийн газрын агентлагийн хувьд салбартаа манлайлан, аливаа тендерийн будлиан, шударга бус байдлыг гаргахгүйгээр ажиллахад чиглэсэн санаачилгын манлайлал болон хэвшсэн.

  ХААГ нь төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулан, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, иргэд, олон нийтийн хяналт тавих нөхцлийг бүрдүүлж ажилласны дүнд байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг жил дараалан ахиулсан амжилт гаргаж байна.Улсын хэмжээнд 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн дүнгээр 2015 онд Засгийн газрын агентлагуудаас тус байгууллага 5 дугаар байранд шалгарсан амжилт үзүүлсэн.

                                      

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ - ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР



Санал асуулга

Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж буй тендер шалгаруулалт хэр шударга явагдаж байна гэж үзэж байна вэ?

Хандалт

Тэндэр гэж юу вэ?

Тендер хэрхэн зохион байгуулагддаг вэ?

Цахим худалдан авах ажиллагаа гэж вэ?